Нэмэгдсэн: 2019-08-16 09:42:00

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) чиглэлээр бодлого боловсруулах, улс орнуудад зөвлөмж өгөх чиг үүрэг бүхий байгууллага болох Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (ФАТФ)-аас гаргадаг 40 зөвлөмжийн 26-д заасны дагуу мэдээлэх үүрэгтэй этгээд нь МУТСТ-д тавигддаг шаардлагуудыг хэрхэн биелүүлж байгааг хянаж шалгах, зохицуулахад чиглэгдсэн арга хэмжээг авч ажиллах ёстой.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 327 дугаар тогтоолоор баталсан “Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-нд “Санхүүгийн зохицуулах хороо салбарын эрсдэлийн үнэлгээг зайнаас хийж, холбогдох хяналт шалгалт хийх заавар, журам, гарын авлагыг боловсруулна” гэж заасан байдаг. Үүнтэй холбоотой Хорооноос 2018 оны 239 дүгээр тогтоолоор “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”, журмыг дагалдуулж холбогдох тайлан мэдээлэх заавар, өгөгдөл цуглуулах маягт, үнэлэх асуулга, эрсдэлийн үнэлгээний матриц зэрэг баримт бичгүүдийг баталсан.

Хорооноос мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд мөнгө угаах болон терроризмтой тэмцэх чиглэлээр зайнаас болон газар дээрх хяналт шалгалтыг тогтмол явуулж ирсэн хэдий ч хянан шалгагчид нь газар дээрх хяналт шалгалтыг явуулахад зориулсан нарийвчилсан гарын авлага батлагдаагүй. Газар дээрх хяналт шалгалтыг илүү цогц, чамбай болгох зорилгоор Хорооны хянан шалгагч нарт зориулан “МУТСТ чиглэлээр газар дээрх хяналт шалгалт хийх” гарын авлагыг баталлаа.