Нэмэгдсэн: 2018-05-25 08:24:00

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн өнөөдөр Япон Улсын Ердийн даатгалын Холбоо (General Insurance Association of Japan, GIAJ)-ны гүйцэтгэх захирал Южи Ито-г хүлээн авч уулзлаа. Тус Холбоо болон Монголын Даатгалын Холбооны явуулж буй хамтын ажиллагааг өргөжүүлэн шинэчлэх, энэ талаарх санамж бичгийг шинэчлэн байгуулахаар тэрээр манай улсад ажиллаж байгаа юм.

Хорооны дарга С.Даваасүрэн Монголын даатгалын салбарын өнөөгийн төлөв байдал, цаашид даатгалын салбарыг хөгжүүлэх талаар баримталж буй бодлого, зохицуулалтын талаар танилцуулж, хоёр Холбооны хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

GIAJ-ны Гүйцэтгэх захирал Южи Ито дагалдан ажиллаж буй менежер Хироясу Миязаки болон “Мицуй Сумитомо Даатгал” компаний менежер Шун Охяма нарын хамт Монголын даатгалын Холбоо болон Монголын даатгалын институтын дэмжлэгтэйгээр “Байгууллагын хөрөнгийн даатгалын андеррайтинг” сэдэвт сургалт явуулж, Япон Улсын даатгалын салбарын туршлагыг танилцуулсан байна. Тэрээр Улаанбаатарт төлөвлөсөн ажлууд нь амжилттай болж буйг Хорооны даргад мэдээлж, цаашид Холбоодын хамтын ажиллагаа улам идэвхжин өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга М.Өлзийбат, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга В.Энхбаатар нар оролцлоо.