Нэмэгдсэн: 2012-10-18 00:00:00

Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага юм.

Монгол Улсад мөрдөгдөж буй холбогдох хууль, журмын зохицуулалтын хүрээнд үнэт цаасыг худалдах, худалдан авахад зуучлах, хөрөнгө оруулалтыг зөвлөх ямарваа нэгэн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгогдсон тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд эрх хэмжээнийхээ хүрээнд гүйцэтгэдэг билээ.

Сүүлийн үед тусгай зөвшөөрөл бүхий зарим байгууллага иргэдтэй гэрээ байгуулан гадаадын хөрөнгийн биржийн арилжаанд оролцуулахад зуучлан үнэт цаасыг худалдан авах, худалдах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа талаар олон нийтэд сурталчилж байна.

Дээрх үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомжоор нарийвчлан зохицуулагдаагүйгээс хөрөнгө оруулагчдад тодорхой эрсдэл дагуулах магадлалтай тул иргэд Та бүхэн гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийн арилжаанд оролцохдоо өөрсдийн эрсдлийг тооцохыг анхааруулж байна.

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО