Нэмэгдсэн: 2012-06-04 00:00:00

Брокер дилерийн компаниуд айл өрхүүдээр явж сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгаа болгон хувьцааны данс үнэ төлбөргүйгээр нээж эхлээд байгаа талаар иргэдээс ирүүлсэн мэдээлэл болон орон даяар сонгуулийн ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гаргаж байна.

Үнэт цаасны зах зээлд брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниуд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай журамд заасны дагуу өөрийн үндсэн салбартаа, мөн орон нутагт үйл ажиллагаа эрхлэхээр бол салбарын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг авч шаардлага хангасан ажлын байранд үйл ажиллагаа явуулдаг.

Сонгуулийн тухай хуулийн 37.15сонгогчидод мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэхийг хориглоно гэж заасан байдаг.

Иймд холбогдох хууль, журмын заалт зөрчин данс нээх болон бусад аливаа үйл ажиллагаагаа сонгуулийн сурталчилгаанд зориулан явуулахгүй байхыг нийт брокер, дилерийн компаниуд, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад анхааруулж байна.

Дээр дурьдсан холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн компаниудын талаарх мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны 26-16-59дугаарын утсаар ажлын цагаар тогтмол авч байгаа болно.

Хорооноос мэдээллийн дагуу хяналт шалгалт хийж, хууль, журам зөрчсөн нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээг авах болно.

Иймд тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, ёс зүйтэй хариуцлагатай ажиллахыг анхааруулж байна.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО