Нэмэгдсэн: 2012-04-13 00:00:00

Санхүүгийн зохицуулах хорооны орон нутгийн төлөөлөгчдийн ээлжит семинар болов

2012 оны 4 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд Санхүүгийн зохицуулах хорооны орон нутгийн төлөөлөгчдийн ээлжит семинар амжилттай болж өндөрлөв. Уг семинарт хорооны орон нутгийн төлөөлөгчид болох аймаг, нийслэл, дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нар болон бүртгэлийн мэргэжилтэн нийт 50 гаруй хүн оролцлоо. Семинарын нээлтэнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон бусад удирдлагууд оролцон үг хэлж, орон нутаг дахь төлөөлөгч нарт санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал болон Хорооны зохицуулалтад хамаарах салбарын өнөөгийн байдал зэргээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ.

Семинарын үеэр шинэчлэн батлагдсан зарим хууль тогтоомж, түүнтэй холбоотой журам заавар болох Компанийн тухай хууль, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгүүлэх тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хууль зэргээс гадна Хөрөнгийн зах зээл, Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоо, Даатгалын салбарын өнөөгийн байдал, ирээдүйн хандлага болон цаашид сайруулахтай холбоотой мэдээ, мэдээллүүдийг хэлэлцлээ.

Семинарын төгсгөлд тайлант жилд үүрэгт ажлаа сайн гүйцэтгэсэн төлөөлөгч нарын ажлыг үнэлж, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий, Хөвсгөл аймаг болон Налайх дүүргийн бүртгэлийн мэргэжилтэн нарт Хорооноос шагнал гардуулж, нийт төлөөлөгчдөд ажлын амжилт хүссэн байна.