Нэмэгдсэн: 2020-01-28 08:31:00

Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /Аlliance for Financial Inclusion/ нь дэлхийн хөгжиж буй 89 орны 100 төв банк, санхүүгийн зохицуулагч байгууллагын гишүүнчлэлтэй, дэлхийн бичил санхүүгийн зах зээлийн 85 хувийг хамарсан, хүн амын ядуу буурай хэсэгт санхүүгийн үйлчилгээг ойртуулах чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага бөгөөд санхүүгийн хүртээмжийн бодлого боловсруулагчдад зориулсан дэлхийн хамгийн анхны сургалтын даяарчлагдсан платформыг нэвтрүүлсэн, дэлхийн сүлжээ олон улсын байгууллага юм.

СХН нь жил бүр Дэлхийн бодлогын форумыг зохион байгуулж санхүүгийн үйлчилгээг илүү нээлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн бодлогын шийдлүүдийг зөвшилцөн баталж, тэдгээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, хөгжлийг хурдасгахад нийгэмлэгийн гишүүн байгууллагууд идэвхтэй хамтран ажилладаг бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо нь 2010 оны 6 дугаар сарын 28-нд элсэн орсон цагаасаа эхлэн жил бүрийн Дэлхийн бодлогын форумд санаачилгатай оролцож Монгол Улсын санхүүгийн салбарын бодлого мэдээллийг тунхаглалд тусгуулж, хамтран ажиллаж ирсэн.

Тухайлбал СХН-ийн “Жижиг дунд үйлдвэрийн санхүүгийн Ажлын хэсгийн зургаадугаар чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо 2016 оны 5 дугаар сарын 22-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж, дэлхийн 24 орны санхүүгийн зохицуулагч байгууллага, Төв банкны төлөөллийг хүлээн авсан билээ.

Улаанбаатарын чуулга уулзалтын үеэр Олон Улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Алфред Ханниг Монгол Улсад айлчилж УИХ-ын дарга болон Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Монголбанкны удирдлагуудтай уулзаж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, сайн туршлагыг нэвтрүүлэх зэрэг Монгол Улсын санхүүгийн салбарын хөгжилд тодорхой түлхэц болохуйц санал, санаачилгууд хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон.

Ийнхүү Санхүүгийн зохицуулах хороо СХН-ийн “Жижиг дунд үйлдвэрийн санхүүгийн Ажлын хэсгийн зургаадугаар чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан нь СХН-ийн гишүүн байгууллагуудын дунд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөсөн бөгөөд энэ үеэс эхлэн Олон Улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Алфред Ханнигийн шууд санаачилга, саналын дагуу Монгол Улсыг СХН-ийн бүх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулах, улмаар СЗХ-ны даргыг 2017 онд Захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулах зэргээр  идэвхтэй хамтран ажиллаж эхэлсэн.

Мөн 2016 оноос Санхүүгийн зохицуулах хорооны албан хаагчид тус нийгэмлэгийн “Хэрэглэгчийг чадавхжуулах, зах зээлийг зохицуулах”, “Дижитал санхүүгийн үйлчилгээ”, “Санхүүгийн хүртээмжийн тоон өгөгдөл”, “Санхүүгийн хүртээмжийн стратеги”, “Олон улсын стандартыг зохистой хэрэгжүүлэх”, “ЖДҮ-ийн санхүүжилт”, “Хүртээмжтэй ногоон санхүү” зэрэг долоон ажлын хэсэгт тогтмол ажиллаж, бодлого боловсруулах үйл явцад идэвхтэй оролцож байна.  

СХН-ийн Захирлуудын зөвлөл нь дэлхийн санхүүгийн хүртээмжийг сайжруулах стратеги, бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэхэд гишүүн орнуудын оролцоог дэмжих, гүйцэтгэх удирдлага, зөвлөл, хорооны гишүүдийг томилж, батлах, үнэлгээ өгөх болон олон улсын санхүүгийн хүртээмжийн талаарх хамтын шийдвэрийг баталгаажуулах чиг үүрэгтэй бөгөөд есөн жинхэнэ, хоёр ажиглагч гишүүний бүрэлдэхүүнтэй.

Захирлуудын зөвлөлийн ээлжит 18 дугаар хуралдаан 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Каир хотод болж 2019 оны үйл ажиллагааны тайлан, төсөв, стратеги төлөвлөгөө, ирэх жилийн зорилго, зорилтыг хэлэлцэн тодорхойлсон бөгөөд энэ үеэр нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлийн дарга, орлогч даргыг шинээр сонголоо.

Захирлуудын зөвлөлийн даргаар Египет Улсын Төв банкны ерөнхийлөгч, орлогч даргаар Мексикийн Нэгдсэн Улсын Үндэсний банк ба үнэт цаасны хорооны ерөнхийлөгч сонгогдож, гишүүдээр Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханаас гадна, Парагвай, Армени, Кени, Самоа, Балба болон Баруун Африкийн улсуудын төв банкны ерөнхийлөгч нар ажиллаж байна.

Энэ удаагийн Захирлуудын зөвлөлийн хуралдаанаас СХН-ийн үйл ажиллагааг улам өргөжүүлэх, Засгийн газар хоорондын байгууллага (IGO) болгох асуудлыг хэлэлцэн дэмжиж Европ дахь салбараа Люксембургийн Их Вант улсын Люксембург хотод байгуулахаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Санхүүгийн зохицуулах хороо СХН-ийн үйл ажиллагаанд 10 гаруй жилийн турш идэвх санаачлагатай оролцож, 2011 онд “Цахим мөнгөний зохицуулалт”, 2015 онд “ХАА-н гаралтай бараа түүхий эдийн зах зээлийн хөгжил”, 2017 онд “Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг үнэлэх түүвэр судалгаа”, 2019 онд “Хүртээмжтэй ногоон санхүү” гэсэн мэдлэг солилцох 4 төслийг авч хэрэгжүүлэн судалгаа хийж, СХН-ийн Захирлуудын зөвлөлд сонгогдож, ажлын долоон хэсэгт оролцон идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлж байна.    

 

Бусад мэдээ

Нэмэгдсэн: 2020-02-21 12:06:00

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Нэмэгдсэн: 2020-02-20 10:36:00