Нэмэгдсэн: 2020-01-24 02:45:00

ХЗХ-ны бүх гишүүдийн ээлжит хурлыг дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн дотор хуралдуулж, хурлын тэмдэглэл холбогдох материалыг хурал зохион байгуулснаас хойш 30 хоногийн дотор Хороонд ирүүлдэг. Бүх гишүүдийн хурал хуралдуулах шийдвэрийг тэргүүлэгчдийн зөвлөл гаргах бөгөөд хурлын зар, хэлэлцэх асуудлын жагсаалтыг хурал хуралдахаас 30-аас доошгүй хоногийн өмнө гишүүн бүрт хүргэдэг.

Бүх гишүүдийн ээлжит хурлаар дараах асуудлуудыг заавал хэлэлцүүлнэ. Үүнд:

  • ХЗХ-ны тухайн жилийн үйл ажиллагааны тайлан
  • ХЗХ-ны санхүүгийн тайланг хэлэлцэж, орлого хуваарилах, алдагдал нөхөх шийдвэр гаргах талаар
  • Тэргүүлэгчдийн зөвлөлийн тайлан
  • Хяналтын зөвлөлийн тайлан
  • Хурлаар хэлэлцэхээр баталсан бусад асуудал зэрэг.

Бүх гишүүдийн хурлын тэмдэглэлд дараах мэдээллийг тусгасан байна. Үүнд:

  • Хурал болсон он, сар, өдөр, газар, хугацаа
  • Хурлын ирцийн талаарх мэдээлэл
  • Хурлын нарийн бичгийн дарга, тооллогын комиссын гишүүдийн нэр, сонгосон саналын хувь
  • Хурлаар хэлэлцсэн асуудлын жагсаалт
  • Хурлын санал хураалтын арга, хэлбэр
  • Хурлаар хэлэлцсэн асуудалд өгсөн зөвшөөрсөн, татгалзсан, түдгэлзсэн саналын тоог асуудал тус бүрээр гаргана.

Бүх гишүүдийн хурлыг тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга (хоршооны дарга) удирдаж, хурлын шийдвэрийг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

Хурлын тэмдэглэлд хурлын явцын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй бичиж, холбогдох баримтуудыг хавсаргах бөгөөд хуралд оролцсон гишүүд (овог, нэр) гарын үсэг зурж баталгаажуулсан байх шаардлагатай. Мөн тэмдэглэл хөтөлсөн гишүүн (хурлын нарийн бичгийн дарга) болон тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга (хурал даргалагч) гарын үсэг зурна. 

ХЗХ-ны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, холбогдох баримтыг ирүүлэхдээ дээрх шаардлагуудыг хангаагүй тохиолдолд Хороо материалыг хүлээж авахгүй бөгөөд хоршоо дахин хурал хийх шаардлага гарна. Иймээс Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль, холбогдох журам, хоршооны дүрэмд нийцүүлэн бүх гишүүдийн хурлаа хийж, бүрэн гүйцэт, шаардлага хангасан хурлын материалыг тогтоосон хугацаанд Хороонд ирүүлэхийг нийт хадгаламж, зээлийн хоршоодод анхааруулж байна.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

             

Бусад мэдээ

Нэмэгдсэн: 2020-02-21 12:06:00

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Нэмэгдсэн: 2020-02-20 10:36:00