Нэмэгдсэн: 2019-12-31 06:27:00

МЭНДЧИЛГЭЭ

         Эрхэм хүндэт та бүхэндээ угтан золгож буй 2020 онд сайхан ирээдүй, сайн үйлсийг бүтээх эрхэм хүсэл бүхэн биелэхийн өлзийт ерөөлийг өргөн барья.

Юуны өмнө, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, зохицуулах, зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах чиг үүргээ нэр төртэйгөөр хэрэгжүүлэх, хуулийг дээдлэн ёс зүй, хариуцлагыг эрхэмлэн идэвх, зүтгэлтэй ажиллахаар нэгэн сэтгэлээр нэгдэн нягтарсан зохицуулалтын нийт салбарын ажилтан, албан хаагчиддаа Санхүүгийн зохицуулах хорооны даргын хувьд тусгайлан баяр хүргэж, гүн талархал илэрхийлье.

Цаг хугацааны түүх болон улиран одож байгаа 2019 он санхүүгийн салбарт амьдрал өрнөж, ажил ундарсан, томоохон амжилт, сорилтуудаар дүүрэн жил байв.

Бид бүгдийн зүтгэл, чармайлтын үр дүн гарч хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, хөрвөх чадвар, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооны салбарын нийт хөрөнгийн хэмжээ тус тус өссөн. Нийт зохицуулалтын салбаруудын хувьд 2019 он тогтвортой хөгжлийн жил байлаа.

Энэ нь төр болон хувийн хэвшлийнхний уйгагүй хичээл зүтгэл, хамтын хөдөлмөрийн үр дүн билээ.

Бид, улиран одож буй 2019 онд тохиосон Монгол Улсад санхүүгийн төрийн зохицуулагч байгууллага үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг, байгууллагын үе үеийн албан хаагч, зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын хамт олонтой хамтран тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг тайлагналаа.

Ирж буй 2020 онд санхүүгийн зах зээлийг шударга, ил тод, нээлттэй, хариуцлагатай болгох хүрээнд зохицуулагч байгууллагын статусыг тодорхой болгох, зохицуулалтын салбаруудын хууль тогтоомж, эрх зүйн орчинд томоохон өөрчлөлт оруулахад онцгой анхаарч ажиллана.

Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн салбарт өрнөж буй технологийн хувьсгалд нийцүүлэн зохицуулалтын үйл ажиллагаагаа зохистой, үр дүнтэйгээр зохион байгуулж, хэрэгжүүлэх шаардлагатай ба бидний зүгээс шинэ технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бодлогоор дэмжиж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд хичээн ажиллах болно.

Мөн Монгол Улсын өмнө тулгараад буй сорилтуудыг амжилттай даван туулахын тулд 2020 онд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллагын “саарал жагсаалт”-аас гарах зорилтыг Хорооны зүгээс нэн тэргүүнд чухалчлан хэрэгжүүлнэ.

Санхүүгийн салбарын хөгжил, цаашдын чиг хандлага нь бусад хөгжиж буй орнуудын хөгжлийн хурдтай нийцэх шаардлагатай тул энэ зорилгыг хэрэгжүүлэхээр зохих арга хэмжээнүүдийг зохион байгуулан зах зээлд оролцогч талуудтай хамтран ажиллана.

Эдгээрийг ажил хэрэг болгоход төрийн зохицуулагч байгууллага болон санхүүгийн зах зээлд оролцогч бүх талууд, тэдгээрийн ажилтан, албан хаагч нэг бүрийн идэвх, санаачлагатай оролцоо нэн чухал.

Тиймээс санхүүгийн салбарыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилгын хүрээнд өөрсдийн санал бодлоо идэвхтэй солилцож, аливаа зохистой санаачлагыг дэмжин хамтран хэрэгжүүлдэг харилцан итгэлцэл бий болгохыг миний зүгээс зорино. Ингэж нэгдэж чадваас бидэнд амжилт, хөгжил ойрхон байна.

Санхүүгийн салбарын нийт хамт олондоо ирж буй шинэ ондоо аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл өргөж, шинэ жилийн баярын мэндийг дахин дэвшүүлье.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА                                 Д.БАЯРСАЙХАН