Нэмэгдсэн: 2019-12-25 04:27:00

                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

            Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж буй төрийн түшээд, мэргэжлийн байгууллагынхан, Санхүүгийн зохицуулах хорооны үе үеийн хамт олон, ажилтнууд, санхүүгийн зах зээлд оролцогчид Та бүхнийхээ амар амгалан эрэн мэндчилье.

Энэ онд Монгол Улсад бие даасан санхүүгийн зохицуулагч байгууллага үүсгэн байгуулагдсаны 25 жилийн түүхт ой тохиож байна.

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжин өмч хувьчлалын үйл явц өрнөж, улмаар ард иргэдэд анхны хувийн өмч болох хувьцаагаа эргэлтэд оруулах гарцыг нээсэн Үнэт цаасны тухай хууль 1994 онд батлагдсанаар санхүүгийн зах зээл, түүнийг зохицуулж хяналт тавих төрийн байгууллага бий болсон нь Үнэт цаасны хороо юм. Монгол Улсын Их Хурал 1994 оны сүүлийн хагаст Үнэт цаасны тухай хуулийг баталж, тухайн оныхоо арваннэгдүгээр сарын 14-нд УИХ-аас Үнэт цаасны хорооны дарга, гишүүдийг томилсон.

Улмаар 2005 онд УИХ-аас Санхүүгийн зохицуулах хороог үүсгэн байгуулахаар шийдэж, Хорооны эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Ийнхүү 2006 оны нэгдүгээр сараас Монгол Улсад Санхүүгийн зохицуулах хороо анх байгуулагдан ажиллаж эхэлсэн түүхтэй.

Тэр үед Монголбанкны чиг үүргээс банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны салбарыг, Улсын мэргэжлийн хяналтын газрын эрхлэх асуудлаас даатгалын салбарыг татан авч үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус салбар эдүгээ зохицуулалтдаа 3000 орчим оролцогчийг багтаасан, олон улсын санхүүгийн зохицуулагчдын эгнээнд нэгдэн орсон томоохон байгууллага болон төлөвшөөд байна.

Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, эрх зүй, зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, зах зээлийн хөгжлийн оновчтой чиг хандлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хөрөнгө оруулагч үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалахад Хорооны зорилго, зорилт чиглэж ирсэн юм.

Хорооны явуулж буй бодлого, хяналт, зохицуулалтын үйл ажиллагааны үр дүнд санхүүгийн зах зээлд чамлахааргүй ахиц дэвшил гарч банкнаас бусад санхүүгийн зах зээлийн ДНБ-д эзлэх хэмжээ 14.5 хувь болж өслөө. Үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2.5 их наяд төгрөгт хүрч, банк бус санхүүгийн зах зээлд финтек буюу дэвшилтэт, цахим технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтэрснээр нийт харилцагчдын тоо 2.3 саяыг давлаа. Хадгаламж, зээлийн хоршооны салбарын нийт хөрөнгө 218.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар, Даатгалын салбарын нийт хөрөнгө 373.6 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 14 хувиар өсөв.

Энэ бүх өсөлтийн цаана Санхүүгийн зохицуулах хорооны бүтээлч, чадварлаг хамт олон, салбарын үйлчилгээ эрхлэгчид, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, мэргэжлийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид байгаа.

Та бүхэндээ 25 жилийн ойн мэндийг хүргэж, сайхан ирээдүй, сайн үйлсийг бүтээх эрхэм хүсэл бүхэн тань биелэн бүтэхийн өлзийт ерөөлийг өргөн барья.

                 

 

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА                                    Д.БАЯРСАЙХАН