Нэмэгдсэн: 2019-11-25 08:36:00

Монгол Улсын Засгийн газар болон Австрали Улсын Засгийн газрын хоорондын хоёр талт хамтын ажиллагааны буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж буй “Австрали, Монголын Эрдэс баялгийн салбар дахь хамтын ажиллагааны хөтөлбөр”-тэй хамтран Монгол Улсын ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний код “МонВал”-ыг боловсруулах чиг үүрэг бүхий холбогдох байгууллагууд болон Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын төлөөллийг хамарсан ажлын хэсэг байгуулагдаад байна.

Ажлын  хэсгийн анхдугаар хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр болж, ажлын хэсгийн гишүүд санал солилцон ажилласны зэрэгцээ кодыг боловсруулах чиглэлээр хийгдэж байсан ажлууд болон олон улсад ашигт малтмалын үнэлгээг хэрхэн хийдэг талаар хөтөлбөрийн уул уурхайн ахлах зөвлөх Н.Алгаа, хөтөлбөрийн зөвлөх, Олон улсын ашигт малтмалын үнэлгээний хорооны дарга Стивен Гемелл нар танилцууллаа.

Энэхүү кодыг нэвтрүүлснээр ашигт малтмалын хөрөнгийг арилжаалах явцад хуурамч үнэлгээ хийгдэхээс урьдчилан сэргийлэх, уул уурхайн салбарт олон нийтийн итгэх итгэл үнэмшлийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм. Мөн уул уурхайн компаниуд хөрөнгийн зах зээл дээр гарахад тухайн ашигт малтмалын нөөцийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу тайлагнадаг болох зэрэг чухал ач холбогдолтой.