Нэмэгдсэн: 2019-05-23 03:29:00

Санхүүгийн зохицуулах хорооноос Монголбанк, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Бичил санхүүгийн хөгжлийн сантай хамтран Архангай аймагт тавдугаар сарын 6-9-ний өдөр, Өвөрхангай аймагт тавдугаар сарын 10-12-ны өдрүүдэд орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэх ээлжит сургалтыг зохион байгууллаа.

Иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлж, өдөр тутмын амьдралд тохиолдох санхүү, мөнгөний асуудлыг зөв шийдвэрлэж чаддаг болоход нь системтэй туслах багш нарын бүрэлдэхүүнийг бэлтгэж, чадваржуулах зорилгоор зохион байгуулсан сургалтад Архангай аймагт 31, Өвөрхангай аймагт 26 багш хамрагдсаны дотор Насан туршийн боловсролын үндэсний төвийн багш нар, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөгч, аймгуудын Боловсролын газрын мэргэжилтэн, МСҮТ-ийн багш, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ажилтан зэрэг нийт 57 хүн хамрагдаж санхүүгийн зах зээлийг иргэдэд хүртээмжтэй болгох, хэрэглэгчдийн санхүүгийн шийдвэр гаргах чадавхыг дэмжих, тэдэнд санхүүгийн боловсрол эзэмшүүлэх сургагч багш боллоо.

Энэ үеэр сургалтын багийн гишүүд “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг таниулах болон иргэдийн санхүүгийн мэдлэгт зориулсан мэдээлэл, ярилцлагыг орон нутгийн телевизүүдэд өгсөн. Мөн Архангай аймагт 100 гаруй иргэдтэй уулзалт зохион байгуулж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны талаар танилцуулга хийж, банк болон банкнаас бусад санхүүгийн салбарын талаар мэдээлэл өглөө. Уулзалтын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтнүүд үнэт цаасны зах зээлийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, иргэдийн сонирхсон асуултад хариулж, зөвлөгөө өгсөн.