Нэмэгдсэн: 2019-05-08 10:06:00

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны ээлжит VII хуралдаан өнөөдөр болж, Даатгал, Үнэт цаас, Хадгаламж зээлийн хоршоо, Хяналт шалгалт зохицуулалтын газруудын нийт 26 асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаар “Цахим” капитал ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, “Нэйшнл лайф даатгал” ХХК-ийн нэр бүхий төлөөлөгчдөд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. Даатгалын салбарын 13 асуудлыг хэлэлцэж, салбар нээх зөвшөөрөл, бүтцийн болон хөрөнгийн өөрчлөлтийг бүртгэх, нэр бүхий актуарчийн даатгалын эрхийг хүчингүй болгох, албан тушаалтныг томилох зэрэг асуудлыг шийдвэрлэлээ.

Үнэт цаасны салбарын зургаан асуудлыг хэлэлцэж, “Пример дилер” ХХК-д хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагчийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, “Жинст-Увс” ХК-д “Ард санхүүгийн нэгдэл” хаалттай ХК-ийг нэгтгэхийг зөвшөөрлөө. Мөн  хөрөнгийн болон хувьцаа эзэзмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг шийдэв.

Мөн “Давст өрнөн дэлгэрэх” ХЗХ-нд хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, хоёр ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацааг сунгалаа.

Түүнчлэн “Гурван булаг инвест ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг, хоёр хөдөө аж ахуйн брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээв. Мөн “Энэрэл инвест ББСБ” ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, “Норт Эйша инвестмент ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.