Нэмэгдсэн: 2019-04-15 04:41:00

Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарт ажиллах мэргэжлийн оролцогчид, хуульч, аудитор, үнэлгээчдэд зориулсан сургалтын чанар, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор өнгөрсөн оноос мэргэжлийн холбоод болон институтуудтай хамтран ажиллаж байна.

Монголын хуульчдын холбоотой байгуулсан “Үнэт цаасны зах зээлд оролцогчид үйлчилгээ үзүүлэх хуульчдад зориулсан сургалт зохион байгуулах” гэрээний дагуу хуульчдад зориулсан сургалтыг өнгөрөгч долоон хоногт зохион байгууллаа. Сургалтын зохион байгуулалтыг Монголын хуульчдын холбоо гүйцэтгэж, Хороо агуулгыг тодорхойлон, хяналт тавьж ажиллав.

Сургалтаар үнэт цаасны зах зээлд хууль зүйн зөвлөгөө үзүүлэх чиглэлээр ажиллах хуульчдад тус зах зээлийн онцлогийн талаар ерөнхий мэдээлэл, ойлголтыг өгч, өнөөгийн нөхцөл байдал, бүтээгдэхүүн үйлчилгээ, дэд бүтэц,  эрх зүйн зохицуулалт болоод хууль зүйн дүгнэлт гаргах зэрэг сэдвээр нарийвчилсан хичээлүүдийг орлоо. Сургалтад нийт 70 гаруй хуульчид хамрагдсан нь өмнөх онуудаас хэд дахин өссөн дүн бөгөөд энэ нь нөгөө талаараа хуульчдын үнэт цаасны зах зээлд орж ажиллах сонирхол төдий чинээ нэмэгдэж буйг илэрхийлж байна.