Нэмэгдсэн: 2019-04-12 03:00:00

Ногоон санхүүжилт буюу экологийн тэнцвэртэй хөгжлийн үйл ажиллагааг санхүүжүүлэх асуудал өнөөдөр дэлхий дахины нэн тэргүүний зорилт болж байна. Өнгөрөгч долоон хоногт Бүгд Найрамдах Замби Улсын Ливингстон хотноо болсон олон улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (СХН, The Alliance for Financial Inclusion, AFI)-ийн “Жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилт” (SMEF) ажлын хэсгийн 12 дахь, “Санхүүгийн хүртээмжийн стратегийн мэдлэг солилцох” (FIS) ажлын хэсгийн 14 дэх уулзалтуудаар энэ асуудлыг онцлон хөндсөн юм.

Санхүүгийн зохицуулах хороо СХН-ийн үйл ажиллагааны үндсэн бүтэц болох зургаан ажлын хэсэгт бүгдэд нь ажилладаг бөгөөд дээрх уулзалтуудаар гишүүн улс, орнуудад хэрэгжиж буй жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийн бодлого, туршлага, 2018 онд гарсан бодлогын өөрчлөлтүүд, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх стратегийг зөвлөлдөн ярилцсан юм. Уулзалтуудад оролцсон Хорооны мэргэжилтнүүд Монгол Улсын санхүүгийн салбарт хэрэгжиж байгаа ногоон санхүүжилт буюу тогтвортой хөгжлийн бодлогын талаар ажлын хэсгүүдэд танилцуулж, залуучууд, эмэгтэйчүүд зэрэг хүн амын бүлгүүд, алслагдсан нутагт санхүүгийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг сонголттой хүргэх талаар Хорооноос явуулж буй үйл ажиллагаа, зохицуулалтын талаар хэлэлцүүллээ.

Уулзалтуудад нийт 52 гишүүн байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд “Жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилт” (SMEF) ажлын хэсгээс гишүүн байгууллагууддаа тодорхой үүрэг, даалгавруудыг өгч, дээрх асуудлуудаар бодлогын баримт бичгийн төсөл боловсруулж, энэ оны наймдугаар сард багтаан СХН-т танилцуулахаар тогтсон юм. Харин “Санхүүгийн хүртээмжийн стратегийн мэдлэг солилцох ажлын хэсэг”-ийн хэлэлцүүлгийн үр дүнд дээрх асуудлууд болон албан бус секторыг албан сектор руу шилжүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлээр судалгаа, заавар зөвлөмж, гарын авлага боловсруулах дэд ажлын хэсгүүдийг байгууллаа. Эдгээр ажлын хэсгүүд нэг жилийн хугацаанд буюу дараагийн уулзалт хүртэл идэвхтэй ажиллаж, 2020 онд дуусгах юм.