Нэмэгдсэн: 2019-04-03 09:57:00

Олон Улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (СХН, The Alliance for Financial Inclusion, AFI)-ийн “Цахим санхүүгийн үйлчилгээ”(DFS) ажлын хэсгийн 17, “Хэрэглэгчийг чадавхжуулах, зах зээлийг зохицуулах” (CEMC) ажлын хэсгийн 19 дэх уулзалтууд өнгөрөгч долоо хоногт Багамын Хамтын Нөхөрлөлийн Улсад боллоо.

Санхүүгийн зохицуулах хороо СХН-ийн үйл ажиллагааны үндсэн бүтэц болох зургаан ажлын хэсэгт бүгдэд нь төлөөлөл оролцуулан ажилладаг бөгөөд нийгэмлэгийн гишүүн улс, орнуудын туршлага, шинэ санаачлагаас хуваалцах, цахим санхүүгийн үйлчилгээний эрсдэлээс хамгаалах арга эрэлхийлэх, цаашид өөрийн зах зээлийн онцлогт хэрхэн тохируулах талаар санал солилцох зорилготойгоор дээрх уулзалтуудад оролцов.

“Цахим санхүүгийн үйлчилгээ” ажлын хэсгийн уулзалтаар аюулгүй байдал, жендэр болон индикаторуудын талаар судалгааг холбогдох дэд ажлын хэсгүүд танилцуулж, ногоон санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ боломжуудын талаар хэлэлцсэн бол “Хэрэглэгчийг чадавхжуулах, зах зээлийг зохицуулах” ажлын хэсгийн уулзалтаар хөгжиж буй зах зээл дэх цахим үйлчилгээнд санхүүгийн хэрэглэгчийг хэрхэн хамгаалах, эрх зүйн зохицуулалтын загвар, стандарт, иргэдийн санхүүгийн эрүүл байдлыг тогтоох судалгаа зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Уулзалтад Хорооны төлөөлөл санхүүгийн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн загварчлалыг боловсронгуй болгох, ялангуяа хөтөлбөрийн хяналт, шинжилгээ, үнэлгээний ач холбогдлын талаар илтгэл хэлэлцүүлэв. Уг асуудлаар ажлын хэсгийн гишүүн улсууд тус бүр үүрэг, даалгавар авч, энэ оны наймдугаар сард багтаан сайжруулсан хувилбарыг СХН-т танилцуулахаар тогтлоо.