Нэмэгдсэн: 2019-03-28 06:22:00

“Төрийн байгууллагын хариуцлага бол аливаа шийдвэрээ маш сайн судалж, ихээхэн нягталсан, бас сайтар харьцуулж үзсэний үндсэн дээр гаргах, нэгэнт гаргасан бол тэр шийдвэрийнхээ төлөө тууштай зогсдог байхад оршино. Энэ нь санхүүгийн салбарт маш том сахилга батыг авчирдаг юм...” хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн өчигдөр Төрийн ордонд болсон “Санхүү, банкны эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган”-ы тайзнаас өгүүллээ.

Тэрээр үнэт цаасны, даатгалын, хадгаламж, зээлийн хоршооны болон банк бус санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаа, далайц болон санхүүгийн хүртээмжийн талаарх өнөөгийн төлөв байдлыг товч танилцуулж, улс орны хөгжилд төрийн бодлого, шийдвэр, тогтвортой байдал хэрхэн нөлөөлдгийг Сингапур Улсын жишээгээр тайлбарлан ярьсан юм. Энэ сэдвийн хүрээнд тэрээр, төрийн байгууллага шийдэгдээгүй асуудлыг урьдчилан зарлаж, тэр нь хэлэлцүүлгийн явцад унах зэрэг үйл явц нийгэмд буруу мэдээлэл болж очоод зогсохгүй иргэн, гэр бүл, аж ахуйн нэгж, байгууллагуудыг буруу төлөвлөлт рүү хөтөлж, буруу тийш чиглүүлэх хор холбогдолтойг дурдаад, хоёр жилийн өмнө Хорооноос гаргасан банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-уудын дүрмийн санг үе шаттайгаар 2.5 тэрбум төгрөгт хүргэх шийдвэр, түүний хэрэгжилт, үр нөлөөг жишээлэн өгүүлсэн юм. Энэ шийдвэрийн хэрэгжилт үе шат бүрт 90 гаруй хувьтай гарч байгаа бөгөөд үр дүнд нь зээлийн нийлүүлэлт өсөн нэмэгдээд зогсохгүй ББСБ-уудын зээлийн сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин хоёр жилийн хугацаанд 1.0 пүнктээр буураад байна.

Мөн тэрээр, монголчууд уламжлал, соёл, ахуй иргэншлийнхээ нөлөөгөөр 10, 20 жилээр төлөвлөж төсөөлсөн хөгжлийн зорилгодоо хүрэх, өөрчлөгдөн шинэчлэгдэхэд бэлэн ард түмэн юм гээд, хөгжлийн хөтөлбөр, зорилтуудыг сургалтынхаа агуулгад шингээж, нийгмийн итгэл үнэмшил болгох аргаар ажил хэрэг болгох явдал ялангуяа урт хугацааны стратеги, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд нэн чухал болохыг онцлон дурдсан юм.

Хороо болон УИХ, Монголбанк, Хөгжлийн банктай хамтран “Санхүү Банкны Эмэгтэйчүүдийн Холбоо” ТББ-аас зохион байгуулсан тус чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар илгээлт ирүүлж, олон нийтэд санхүүгийн боловсрол олгох, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд төр засгийн байгууллагаас баримталж буй бодлогыг хөндөн хэлэлцсэн үндсэн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Жавхлан, З.Нарантуяа тэргүүтэй албаны хүмүүс оролцов.