Нэмэгдсэн: 2019-03-18 11:17:00

Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (СХН, The Alliance for Financial Inclusion, AFI)-ийн үйл ажиллагааны үндсэн бүтцийн нэгж нь ажлын хэсгүүд юм. Нийгэмлэг зургаан ажлын хэсэгтэй бөгөөд Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо 2016 оны есдүгээр сараас бүх ажлын хэсэгт орон ажиллаж байна.

Нийгэмлэгийн “Санхүүгийн хүртээмжийн тоон өгөгдөл” (FID) ажлын хэсгийн 19 дэх, “Олон улсын стандартыг зохистой хэрэгжүүлэх” (GSP) ажлын хэсгийн 10 дахь хуралдаанууд өнгөрөгч долоо хоногт Арабын Бүгд Найрамдах Египет Улсад зохион байгуулагдлаа. Хуралдаануудаар, цахим санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үүсэн гарч буй санхүүгийн цахим аюулгүй байдлын асуудлууд буюу шинэ төрлийн эрсдлийг зохицуулах шаардлага, регтекийн боломжууд болон хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлуудын талаар хэлэлцэв.

Ажлын хэсгүүдийн бүтэц, үйл ажиллагаа нь гишүүн улс орнуудын чанартай бодлого, зохицуулалт, хамтын ажиллагааг дэмжсэнээр тулгамдсан, шийдвэрлэгдээгүй байгаа асуудлууд, тэдгээрийн зохицуулалтын талаар чиглэл, зөвлөмж боловсруулах, хүндрэл бэрхшээлийг таних, туршлага судлахад чиглэдэг юм. Энэ удаагийн хуралдаануудад Хороо санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын стандартын дагуу хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр судалж буй бодлогын үйл ажиллагаагаа танилцуулж, бусад улс орнуудын дэвшилтэт туршлага, шаардлагатай арга хэрэгсэл, бодлогын шийдэлтэй танилцан, санал солилцлоо.

Нийгэмлэгийн “Цахим санхүүгийн үйлчилгээ”(DFS) ажлын хэсгийн 19 дэх, “Хэрэглэгчийг чадавхжуулах, зах зээлийг зохицуулах” (CEMC) ажлын хэсгийн 17 дахь хуралдаанууд ирэх долоон хоногт Багамын Хамтын Нөхөрлөлийн Улсад болно.