Нэмэгдсэн: 2019-01-14 10:05:00

Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалтын салбарууд буюу үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны зах зээлд нийт 200 орчим дүрэм, журмыг мөрдүүлж ажилладаг. Зохицуулалтын эдгээр журам, дүрмүүдийг шинэчлэн сайжруулах, нэгтгэн цэгцлэх, Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль, эрх зүйн шинэчлэлд нийцүүлэх ажлыг сүүлийн хоёр жил орчмын хугацаанд тасралтгүй хийж байна.

Дээрх ажлын хүрээнд шинэчлэн боловсруулсан “Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журам”-ын төслийг салбарын оролцогчид, мэргэжилтэн судлаач нар болон олон нийтээр хэлэлцүүлж эхэллээ. Журмын төсөлтэй танилцах, санал өгөх эрх санхүүгийн зах зээлийн оролцогчид, тэдний харилцагч, үйлчлүүлэгчид, мэргэжилтэн судлаач нар болон иргэд хэн бүхэнд нээлттэй.

Түүнчлэн Хороо шинэчлэн боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлээд байгаа “Үнэт цаасны дотоод мэдээлэл, түүнийг эзэмшигчийн үнэт цаасны зах зээл дээр явуулах үйл ажиллагааны тухай журам”, “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны тухай журам”, “Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ын төслүүдийг салбарын оролцогчид буюу хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчид, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдаар хэлэлцүүлэх хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулна.