Нэмэгдсэн: 2018-12-28 10:12:00

Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбоо /ACCU/-ноос Филиппин Улсад туршин нэвтрүүлж буй KAYA payment platform буюу ХЗХ-дын дундын төлбөр тооцооны системийг олон улсын санхүүгийн зохицуулагч, бодлого тодорхойлогч байгууллагууд ихээхэн онцолж байна. ACCU дээрх системийг Филиппиний Хадгаламж, зээлийн хоршоодын сургалтын төвүүдийн Үндэсний холбоо /NATCCO/-г түшиглэн 2017 онд үүсгэснээс хойш эдүгээ уг системд тус улсын 74 ХЗХ-дыг нэгтгэн 151 агенттайгаар үйл ажиллагаа явуулж байна.

KAYA payment platform буюу ХЗХ-дын дундын төлбөр тооцооны систем нь тус улсын төвбанкны төлбөр, тооцооны системээс тусдаа бие даасан систем бөгөөд үүлэн тооцоололд /cloud based/ суурилсан платформ юм. Энэхүү систем нь ХЗХ-дын зах зээлээ өргөжүүлж, санхүүгийн үйлчилгээгээ гишүүддээ хүргэх үр ашгийг дээшлүүлэх, онлайнаар төлбөр тооцоо хийх, вэб дээр суурилан теллер, мобайл банк, АТМ, дебит карт, ПОС-ын гүйлгээ зэргийг хийх боломжийг олгодог байна. Уг системд бүртгүүлж, данс нээлгэхэд ХЗХ-ны гишүүдэд ихээхэн хямд, хялбар бөгөөд энгийн ойлгомжтой байдаг нь давуу тал болж буйг хэрэглэгчид онцолж байна. 2018 оны байдлаар ХЗХ-дын гишүүд тус системээр дамжуулж онлайн зээл төлөлт хийх, кредит карт, АТМ ашиглах, цахилгааны болон утас, интернэтийн төлбөр төлөх, даатгалын үйлчилгээ авах, онлайн худалдаа хийх гэх мэт үйлчилгээнүүдийг авч байна. Харин ирэх 2019 оноос гадаад мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, ПОС-ын эрх авах, худалдааны төлбөрийн хөгжүүлэлт, байгууллагын банкны үйлчилгээ гэх зэрэг шинэ үйлчилгээнүүдийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Төлбөрийн нэг системд олон ХЗХ-дыг хамруулж чадах энэхүү систем хоршоод тус бүрээс гарах технологийн болон үйл ажиллагааны зардлыг ихээхэн бууруулсан байна. Системийн аюулгүй байдлыг хангах алхмуудыг шат дараатай хийж, улам бүр баталгаатай, найдвартай болгож байна.