Нэмэгдсэн: 2018-12-25 08:05:00

Санхүүгийн зохицуулах хороо нь Төсвийн тухай хууль, Сангийн сайдын баталсан журмын дагуу үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарим урсгал ба дутагдаж буй зардал, хамт олныг урамшуулах, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд зарцуулж байна. Энэ хүрээнд Хорооны удирдлага Хороонд олон жил үр бүтээлтэй, тууштай ажилласан ажилтнууддаа болон Хорооноос гавъяаны амралтандаа гарсан ахмадууддаа нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо.

Нэг удаагийн буцалтгүй тусламжийг ББСБГ-ын ахлах референт Н.Оюунчимэг, ХШЗГ-ын ахлах референт П.Байгалмаа, ХЗХГ-ын референт Б.Цацрал болон жолооч Л.Чойдогжамц нарт олголоо. Тусламж үзүүлэх тухай батламж гардуулах үеэр Хорооны дарга С.Даваасүрэн эрхэлсэн ажил, алба үүргээ хариуцлагатай гүйцэтгэж, хамт олондоо үлгэр дууриалал болсон эдгээр ажилтнуудад талархал илэрхийллээ. Мөн тэрээр олон сонголт дундаас Санхүүгийн зохицуулах хороог сонгон өдийг хүртэл итгэл сэтгэлээ зориулан ажиллаж байгаа та бүхний байгууллагаа гэсэн сэтгэл хамгийн үнэ цэнэтэй юм шүү гэдгийг онцлон хэллээ.

Харин нэр бүхий 3 ахмадад олгосон буцалтгүй тусламжийг Хорооны Ахмадын зөвлөлтэй хэлэлцэн шийдвэрлэсэн болохыг Хорооны дарга онцоллоо. Уг тусламжийг Хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байсан Ж.Жадамбаа болон ахмад ажилтан Ш.Эрдэнэцэцэг, Ж.Сүхбаатар нарт олгосон юм. Хорооны дарга С.Даваасүрэн ахмадуудын мэдлэг, туршлага, Хороондоо хийсэн бүтээсэн бүхэн нь одоог хүртэл зах зээлийн хөгжилд, Хорооны ажилд үргэлж хувь нэмэр оруулж байдгийг онцоллоо.