Нэмэгдсэн: 2018-12-20 03:08:00

СЗХ, түүний удирдлагын үйл ажиллагаатай холбоотой шүүмжлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээгээр цөөнгүй гарч байна. Эдгээр асуудлуудын талаар тус СЗХ-ны Дотоод хяналтын хэлтсийн дарга Н.Нямдаваатай ярилцлаа.

СЗХ хэт хүнд сурталтай байна гэсэн шүүмжлэл их гарч байна. СЗХ үнэхээр аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн хүсэлт, албан бичгийн хариуг хуулийн хугацаанаас хоцроож өгөөд байдаг юм уу?

Эхлээд СЗХ-нд ирсэн нийт албан бичиг, өргөдөл гомдлын талаар товчхон тоо баримт дурдъя. Энэ оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд СЗХ-нд нийт 12 625 албан бичиг ирсэн байна. Үүний 1 743 нь хариутай албан бичиг ба 99 хувь нь шийдвэрлэгдсэн, 359 өргөдөл, гомдол ирснээс 98 хувь нь шийдвэрлэгдсэн бол үлдсэн 1-2 хувь нь шийдвэрлэгдэх шатандаа явж байна.

 СЗХ-нд ирүүлсэн хариутай албан бичиг буюу хүсэлтүүд нь салбарынхаа онцлог, ялгаатай байдлаас хамааран шийдвэрлэх хуулийн хугацаа нь өөр өөр байдаг. Доод тал нь ажлын 30 хоног, дээд тал нь ажлын 45 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж салбарынх нь хуулиудад заасан байгаа. Энгийн буюу зөрчлийн шинжгүй өргөдөл, гомдлын хувьд хуанлийн 30 хоног, харин зөрчлийн шинжтэй өргөдөл, гомдлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нийт 58 хоногт багтаан шийдвэрлэдэг. Зөрчлийн шинжтэй өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажиллагаа нь шүүх прокурорын байгууллагатай хамтран хийгддэг учраас шийдвэрлэх эцсийн хугацаа нь дан ганц СЗХ-ноос хамаарахгүй.

Олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр гараад байгаа шүүмжлэлд зөрчлийн шинжтэй асуудлуудыг яриагүй байгаа юм. Тухайлбал IPO гаргах тухай хүсэлт бараг жил гаруйн хугацаанд шийдэгдсэн гэх мэт баримтууд яваад байгаа шүү дээ.

Өмнө хэлсэнчлэн асуудлыг шийдвэрлэх хугацаа салбарын онцлогоосоо хамааран өөр өөр. IPO гаргах хүсэлтийг шийдвэрлэх асуудлыг СЗХ тухайн компанийн засаглал, ил тод байдал, санхүүгийн чадавх, цаашлаад хөндлөнгийн дүгнэлт гаргасан андеррайтер, аудит, хөрөнгийн үнэлгээний компаниудаас холбогдох тайлбар дүгнэлт авах, нийтэд санал болгож буй хувь хэмжээ бодитой эсэх, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хангагдах нөхцөлийг бүрдүүлсэн эсэх гээд олон талаас нь судалж, хянадаг. Зарим тохиолдолд хүсэлт гаргагчийн ирүүлбэл зохих материал дутуу бий. Түүний дагуу СЗХ-ноос нэмэлт материал шаардахад өнөө компаниудаас дутуу материалаа ирүүлэхгүй бас уддаг. Үнэт цаас гаргаж байгаа компаниудад зөвшөөрөл олгох үйл ажиллагааны цаана хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах гэсэн маш том үүрэг хариуцлага байдаг учраас СЗХ маш хариуцлагатай хандах шаардлагатай. Тийм ч учраас долоо хэмжиж нэг огтол гэдэг шиг СЗХ-ноос сүүлийн хоёр жилийн хугацаанд тогтоол, шийдвэр гаргахтай холбоотойгоор санхүүгийн зах зээлийн 50 гаруй судалгааг хийсэн. Нэг тогтоол, шийдвэрийн цаана маш олон ажиллагаа, тооцоо судалгаа хийгддэг тул цаг хугацаа шаардагддаг гэдгийг нэмж хэлмээр байна.

Танай Дотоод хяналтын хэлтэс ямар чиг үүрэгтэй вэ? СЗХ-ны албан хаагчид үнэхээр хүнд суртал гаргасан, санаатай болон санамсаргүйгээр хүсэлтийн хариуг удаашруулсан тохиолдлыг илрүүлбэл ямар арга хэмжээ авдаг вэ?

Манай хэлтэс нь СЗХ-г стратеги зорилго, зорилтоо амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомж, дээд газрын болон СЗХ-ны тогтоол шийдвэр, удирдлагын үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах, жилийн ажлын төлөвлөгөө, бусад төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, тэдгээрийн уялдаа холбоотой байдалд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй. СЗХ-ноос хүсэлт, албан бичгийн хариуг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж байгаа, эсэх асуудлаар манай хэлтсээс удаа дараа хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар хүсэлт, албан бичиг ирүүлсэн байгууллагууд нь шаардагдах баримт бичгээ дутуу ирүүлсэн, нэмэлт материалаа нөхөж ирүүлэхдээ сар гаруйн дараа ирүүлсэн, зарим нь материалаа огт ирүүлэхгүй таг болчихсон гэх мэт СЗХ-ны үйл ажиллагаанаас хамаарахгүй тохиолдлууд илэрсэн. “Үнэт цаасны тухай хууль”-д СЗХ нь үнэт цаасыг бүртгүүлэх тухай хүсэлтийг ажлын 20 өдрийн дотор хянан, зохих шаардлага хангасан, бүрэн материалыг хүлээн авсан өдрөөс эхлэн хугацааг тооцохоор заасан байдаг. Тодруулбал, энэ ажлын 20 хоног бол зохих шаардлага хангасан, бүрдэл бүрэн хүсэлтийг хүлээн авсан өдрөөс эхлэн тоолдог хугацаа гэдгийг онцолж хэлмээр байна. Гэтэл бүрдэл дутуу материал ирүүлээд, СЗХ-ноос тэр талаар мэдэгдсэнээс хойш олон хоног хугацаа өнгөрсний дараа дутуугаа нөхчихөөд анх хүсэлт өгсөн огноогоороо хариу авах хугацаагаа тооцох нь буруу. Мөн хуульд нэмэлтээр аудитын болон үнэлгээний тайлан, бусад нотлох баримт шаардагдах тохиолдолд ажлын 15 хүртэл өдрөөр сунгаж болно гэж заасан байгаа.

СЗХ-г стратеги, зорилтоо хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг гэж та ярилаа. СЗХ-ны стратеги, зорилтын талаар тодруулахгүй юу? Цаашдын бодлого зохицуулалт, хөгжлийн хэтийн төлөв юу байна вэ?

2018-2021 онд хэрэгжүүлэх ажил, бодлого зорилтоо тодорхойлсон стратеги, төлөвлөгөөг СЗХ нийт хамт олноороо болон санхүүгийн салбарын мэргэжилтэн, судлаачдаар хэлэлцүүлэн, жил гаруйн хугацаанд шүүн нягталж баталсан. Өмнө нь СЗХ 2012-2016 онд баримтлан ажиллах стратегийг хэрэгжүүлсэн байдаг. Энэ стратегийг тухайн үед гадны донор байгууллагуудаас санхүүгийн дэмжлэг авч хийж байсан бол 2018-2021 оны стратегиа бид цэвэр өөрсдийн хүчээр, хамт олноороо хүн бүр оролцож хийсэн. Тэгэхээр энэ стратеги, төлөвлөгөө бидний өөрсдийн маань хүсэл, чадавх, нөөц боломжид тулгуурласан болохоор хэрэгжих, үр дүнд хүрэх нь илүү бодитой гэж ойлгож болно. Өмнөх стратегиар хийгдэж байсан болон хэрэгжүүлэхээр зорьсон зорилго, зорилтуудаа үргэлжлүүлж, үр дүнд хүргэхээс гадна цаашид санхүүгийн салбарын цар хүрээ, хүртээмжийг өргөжүүлэх, зохицуулалт, хяналтын үйл ажиллагаанд олон улсын стандарт, жишгийг нэвтрүүлэх, зохистой бүтэц бүхий санхүүгийн тогтолцоог бүрдүүлэх томоохон зорилтууд, эдгээрийг ажил хэрэг болгох бодит төлөвлөлтүүдээ нарийвчлан зурагласан. Тэр бүү хэл, ажилтан, албан хаагч бүрээр хүч, нөөцөө төлөвлөж, стратеги зорилтоо хэрэгжүүлэх арга замыг хүрэх үр дүн, түүнийгээ үнэлж хэмжих шалгуур үзүүлэлтүүдтэй нь нэг бүрчлэн төлөвлөсөн.

СЗХ-ны хүн хүч, нөөц боломж ер нь хэр хүрэлцээтэй байдаг вэ?

СЗХ өнөөдрийн байдлаар нийт 144 ажилтантай, тусгай зөвшөөрөл эзэмшигч 2304 орчим зохицуулалтын байгууллагуудад хяналт тавьж ажилладаг. Нэг хянан шалгагч дунджаар 76 аж ахуйн нэгжийг хариуцдаг. Хянан шалгагчлын ажлын ачаалал хэт их байх нь зайны болон газар дээрх хяналт шалгалтыг үр дүнтэй, ач холбогдолтойгоор зохион байгуулахад хүндрэлтэй нь мэдээж. Мөн нуулгүй хэлэхэд СЗХ-ны мэргэжилтэн сард дунджаар 500,000₮-ийн цалин авдаг. Гэтэл энэ нь статусаараа яг ижил байгууллагууд болох Монголбанк, Үндэсний Аудитын газар гэх мэт төрийн захиргааны байгууллагын цалинтай харьцуулахад 2-3 дахин бага байгаа юм. Салбартаа мэргэшсэн боловсон хүчнийг СЗХ-нд ажиллах санал тавьсан ч цалин бага учраас цалин өндөртэй байгууллагыг нь сонгож орж байна шүү дээ. Гэхдээ СЗХ-ны удирдлага болон албан хаагчид байгаа нөөц боломж дээрээ тулгуурлан идэвх санаачлагатай, өөрсдийгөө дайчлан ажиллаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй.

Хүн хүчний хүрэлцээ хангалтгүй, хэт ачаалалтай ажилладаг гэлээ. Гэсэн атлаа багагүй тооны хүнийг халж, сольсон гэсэн тоо баримт бас хэвлэл мэдээллийн хэрэгслээр явсан байх юм. Энэ нь ямар учиртай юм бэ?

СЗХ 2016 оны наймдугаар сараас өмнө нийт 29 нэгж, 36 удирдах албан тушаалтантай ажиллаж байсан. Үүнийг 13 нэгж, 14 удирдах албан тушаалтантай байхаар бүтцийн шинэчлэл хийсэн. Өөрөөр хэлбэл СЗХ-нд ажиллаж байсан гурван албан хаагч тутмын нэг нь удирдах албан тушаалтан байсныг гурав дахин бууруулж, гүйцэтгэх шатны албан хаагчдын тоог нэмсэн гэсэн үг юм. Үнэн хэрэг дээрээ удирдах албан тушаал дээр ажиллах сонирхолтой албан тушаал буурсан албан хаагчид сайн дураараа ажлаас гарсан. Мөн СЗХ-ны албан хаагчдын цалин бага байгаа нь ажилтнууд цалин өндөртэй байгууллагыг сонгож СЗХ-ноос гарах эрсдэлийг үүсгэж байна.

Санхүүгийн салбар бол мэргэжлийн салбар шүү дээ. СЗХ-нд мэргэжлийн бус хүмүүс их орж ирсэн гэсэн шүүмжлэл бас байна?

Манай нийт албан хаагчдын 80 хувь нь эдийн засаг, санхүүгийн мэргэжлийн хүмүүс байгаа. Бусад нь төрийн байгууллагад заавал байх шаардлагатай эрх зүйч, хуульч болон төрийн захиргааны удирдлагын мэргэжилтэй хүмүүс ажиллаж байна.

Албан хаагчдын цалин хөлс бага гэж та ярилаа. Гэтэл СЗХ-ны дарга С.Даваасүрэн 1.4 тэрбум төгрөгийн урамшуулал авсан гэх хэл ам бас нийгмийн сүлжээгээр яваад байгаа нь ямар учиртай юм бэ?

Тийм зүйл огт байхгүй ээ. Энэ бол ор үндэсгүй гүжирдлэг. СЗХ тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс жил бүр хуулийн дагуу зохицуулалт үйлчилгээний хөлс авч, улсын төсөвт төвлөрүүлдэг. 2017 он, 2018 оны эхний хагас жилд төсөвт төвлөрүүлсэн орлого төлөвлөгөөнөөс давсан. Төлөвлөгөөнөөс давсан орлогын тодорхой хувийг байгууллага зарцуулахыг зөвшөөрч юунд, ямар зориулалтаар ашиглахыг заасан хууль, Сангийн сайдын баталсан журам бий. Энэ хууль, журмын дагуу СЗХ давсан орлогоос 2017 оны эцэст, мөн 2018 оны эхний хагас жилд хоёр удаа буюу нийтдээ 1.4 тэрбум төгрөгийг үндсэн үйл ажиллагааг дэмжих хөрөнгө оруулалт, эх үүсвэр дутагдаж буй ажлуудын санхүүжилт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах болон ажилтнууд, ахмад настнуудын нийгмийн асуудалд үзүүлэх тусламж дэмжлэг зэрэг зориулалтаар зарцуулсан. Энэ нь СЗХ-ны чадавхыг нэмэгдүүлэх, ажиллах орчныг бага ч болов сайжруулахад ихээхэн нэмэр болж байна. Мөн тодорхой хэсгээр нь ажлын үр дүнг харгалзан хамт олон, албан хаагчдыг урамшуулсан. Урамшуулалд хамрагдаагүй ажилтан, албан хаагч нэг ч байхгүй, мөн хэн нэгэн удирдах албан тушаалтан давуу эрхээр илүү ихийг авсан зүйл ч огт байхгүй. Ажилтан, албан хаагчдыг үр дүнгийн гэрээний биелэлтийг үндэслэн тэгш, шударга урамшуулсан явдал цалин хөлс багатай тэдний урам зоригийг нэмэгдүүлж, амьжиргааг дэмжиж, тогтвор суурьшилтай ажиллах итгэлийг бэхжүүлж байна гэж СЗХ-ны хамт олон ихээхэн талархалтай байгааг хэлэх хэрэгтэй.

Хөндлөнгөөс ажиглаж байхад санхүүгийн зах зээл нэлээд идэвхжээд, СЗХ бас ч гэж идэвхтэй ажиллаж байх шиг харагдах юм. Гэтэл шүүмжлэл тасрахгүй байна. Тухайлбал, хэрэгжиж байсан олон улсын байгууллагын төслийг зогсоосон гээд л шуугиад байсан?

Энэ асуудал нь Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох ЖАЙКА-гийн санхүүжилтээр СЗХ дээр хэрэгжиж байсан “Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх нь” төсөлтэй холбоотой яриа л даа. СЗХ-ноос тус төслийг зогсоосон зүйл огтхон ч байхгүй. Төслийн нэгдүгээр үе шат 2014 оноос эхэлж 2017 оны зургадугаар сард дууссан. Энэ үед манай улс ОУВС-гийн хөтөлбөрт орсон. ОУВС хөтөлбөрийнхөө хүрээнд манай улстай хамтран ажилладаг бүхий л олон улсын байгууллагуудтай үйл ажиллагааныхаа уялдааг хангасан юм билээ. Ингээд нэг томоохон хамтрагч болох ЖАЙКА-гийн төсөл, хөтөлбөрүүдийг өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртэйгөө уялдуулахаар болж, “Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хоёрдугаар үе шатыг хойшлуулсан. Харин бид ЖАЙКА-тай хоёр талын яриа хэлэлцээг идэвхжүүлсний үр дүнд төслийн хоёрдугаар үе шатыг ирэх 2019 оны гуравдугаар сараас эхлүүлэхээр тохиролцоод, бэлтгэл ажлыг хангаад явж байна.

ЖАЙКА гэснээс СЗХ-ны гадаад харилцаа хэр тэлж байна вэ?

Санхүүгийн зах зээл, түүний зохицуулалтыг хоёр талын болон олон талын харилцаа, хамтын ажиллагаагүйгээр төсөөлөх аргагүй. Учир нь санхүүгийн харилцаа өөрөө хил зааггүй харилцаа болсон. Тиймээс СЗХ гадаад харилцаандаа онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Тодорхой үр дүн ч гарч, СЗХ болон Монгол Улсын санхүүгийн зохицуулагч байгууллагууд, зах зээлийн оролцогчдын бүс нутгийн болон олон улсын нөлөө харьцангуй дээшилж байна. Тухайлбал, СЗХ-ны дарга С.Даваасүрэн дэлхийн 95 орны 114 төв банк, зохицуулагч байгууллагуудыг эгнээндээ нэгтгэдэг Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлийн есөн гишүүний нэгээр ажиллаж байна. Мөн “Хүртээмжтэй даатгалын асуудлаарх харилцан мэдлэг, туршлага солилцох сүлжээ” буюу MЕFIN-ий энэ оны даргаар ажилласан төдийгүй ирэх оны даргаар улиран сонгогдоод байна. Энэ сүлжээгээр хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэхэд Азийн санхүүгийн зохицуулагч байгууллагуудын оролцоог өсгөн нэмэгдүүлэх төсөл хэрэгждэг. Сүлжээний 2019 оны даргаар СЗХ-ны дарга С.Даваасүрэн улиран сонгогдсоноор уг төслийн дараагийн үе шатанд манай улс манлайлах байр суурьтай оролцох өргөн боломжийг нээж буйг хэлэх хэрэгтэй. СЗХ өнөөдрийн байдлаар дөрвөн төсөл, нэг техникийн хамтын ажиллагаа, мөн нэг санамж бичгийн хүрээнд Дэлхийн банк (WB), Азийн хөгжлийн банк (ADB), Европын сэргээн босголт хөржлийн банк (EBRD), ЖАЙКА, Олон улсын хөрөнгө оруулалтын банк (IIB), БНСУ-ын санхүүгийн хяналт шалгалтын байгууллагатай төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Өмнө ярьсан MEFIN сүлжээ болон Олон улсын хадгаламж зээлийн хоршоодын зохицуулагчдын холбоонд гишүүнээр нэгдэж орлоо. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд ХБНГУ, БНСУ, Хонгконг, Япон, Их Британи Улсын зохицуулалтын байгууллага, Даатгалын хянан шалгагчдын Олон Улсын холбоо (IAIS), Үнэт цаасны хороодын Олон Улсын  байгууллага (IOSCO)-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж чадсан.

Эх сурвалж: Өдрийн сонин. 2018.12.20 №252 (6095)