Нэмэгдсэн: 2018-12-12 06:38:00

Санхүүгийн зохицуулах хороо салбарын мэргэжлийн холбоодтой хамтран “Санхүүгийн салбарын комплаенс форум 2018” арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа. Комплаенс гэдэг нь компанийн засаглалын нэг хэсэг бөгөөд тухайн байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх хууль тогтоомж, мэргэжлийн стандартуудад нийцүүлэн ил тодоор үйл ажиллагаа явуулах чадамжийг хэлдэг байна. Энэхүү форумаар санхүүгийн салбар дахь мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх арга зам, Санхүүгийн салбарын комплаенсын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, Үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж зээлийн хоршооны салбар дахь комплаенс зэрэг сэдвүүдийг хэлэлцсэн юм. Форумд ОУВС-гийн Суурин төлөөлөгч, Дэлхийн банкны орон хариуцсан ахлах эдийн засагч, Азийн хөгжлийн банк болон Сангийн яам, Монголбанк, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөлүүд оролцож, “Олон улсын валютын сан ба Монгол улс”, “Эдийн засгийн төлөв байдал болон гадаад дотоод эрсдэл”, “Санхүүгийн салбар дахь мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх арга зам”, “Мөнгө угаах гэмт хэргийн нөхцөл, байдал, чиг хандлага” зэрэг сэдвийг хэлэлцэв.  

Ш.АЛТАНЦЭЦЭГ: УЛС ТӨРИЙН ТОДОРХОЙ БУС БАЙДЛААС БОЛЖ ЭДИЙН ЗАСАГ ЭМЗЭГ ХЭВЭЭР БАЙНА

Дэлхийн банкны ахлах эдийн засагч

-Зэсийн салбарын гүйцэтгэл чамгүй сайн байна. Үйлчилгээний салбар өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад долоон хувийн өсөлт үзүүлсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн гурван улирлын байдлаар 1.3 ам.долларт хүрсэн. Уул уурхайн салбарт орж ирсэн хөрөнгө оруулалт дийлэнхийг нь эзэлж байна. Хувийн хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 хувийн өсөлттэй байна. Ингэж өсөх болсон шалтгаан нь өрхийн орлого сайжирсантай холбоотой. Экспорт эхний гурван улирлын байдлаар 15.3 хувь өссөн бол импорт 39 хувиар өссөн байна. Тэгвэл банкны зээлийн өсөлт эхний есөн сарын байдлаар 20 хувьд хүрсэн. Энэ нь эргээд хувийн хэрэглээг нэмэгдүүлж байгаа. Банкны зээлийн өсөлтийг дотор нь ангилаад үзвэл хэрэглээний шинж чанартай зээлийн өсөлт ихэнхийг нь эзэлж байгаа учраас Төв банкнаас бодлогын хүүгээ нэг хувиар нэмэгдүүлсэн. Түүнчлэн он гарсаар төсвийн гүйцэтгэл сайн байгаа. Аравдугаар сарын байдлаар төсвийн нийт тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.6 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай гарсан. Үүнд гол нөлөөлсөн зүйл нь төсвийн орлого бүрдэлт маш сайн байгаа. Зарлага тал дээр 23.4 хувьтай байна. Зарлагын гүйцэтгэлийг эхний арван сарын байдлаар аваад үзвэл төлөвлөгөөнийхөө дөнгөж 85 хувийг санхүүжүүлсэн байгаа юм. Орлого тал дээр 2018 онд 28 сая тонн нүүрс экспортонд гаргана гэсэн төлөвлөгөө гаргасан. Гэхдээ энэхүү төлөвлөгөө давж биелэсэн. Дунд хугацаандаа эдийн засгийн төлөв байдал эерэг байхаар байна. Гэхдээ манай улсын эдийн засагт бүсийн орнуудад гарч байгаа эдийн засгийн байдал хүчтэй нөлөөлж болзошгүй. Дэлхийн банкны таамаглалаар 2018 оны эзэст Монгол Улсын эдийн засаг 5.9 хувийн өсөлт үзүүлэх болов уу. 2019 онд 6.6 хувь, 2020 онд 6.3 хувийн өсөлт үзүүлнэ гэсэн таамаг дэвшүүлсэн. Гэхдээ бид он гарангуут таамгаа шинэчилнэ. Эдийн засаг эмзэг байна. Дотоодын өсөн нэмэгдэж байгаа улс төрийн тодорхой бус байдал даамжирвал өнөөдрийн хэрэгжүүлж  байгаа шинэчлэлүүдээ зогсоох эрсдэл үүсч магадгүй. Мөнгө угаахын эсрэг үйл ажиллагаа нь бодитой үр нөлөө үзүүлэхгүй тохиолдолд эргээд Монгол Улс руу орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалтад таагүй нөлөө үзүүлж болзошгүй.

С.ДАВААСҮРЭН: КОМПЛАЕНС БОЛ САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛДЭГ

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор

-Мөнгө угаах терроризмийн асуудал Монголд шинэ зүйл. Тиймээс бид үүнийг олон нийтэд танилцуулах хэрэгтэй байгаа. Комплаенс бол засаглалын нэг чухал хэлбэр. Компаниуд засаглалаа хэрхэн сайжруулах талаар ямар нэгэн арга хайх хэрэгтэй. ОУВС-гийн  гаргасан загварчлалын дагуу улсын хэмжээнд 900 гаруй тусгай зохицуулалттай итгээдийн үйл ажиллагаан дээр ямар эрсдэлүүд байна вэ гэдгийг хяналаа. Комплаенс бол санхүүгийн байгууллагын засаглал, дотоод хяналт, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зах зээлд төлөвшүүлэхэд ихээхэн нөлөөтэй. Үүний дотор мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэх, зогсоох тогтолцоог үр дүнтэй бүрдүүлэхэд чухал шаардлагатай үйл явц юм. Санхүүгийн салбарын аж ахуйн нэгжүүд комплаенсыг нэвтрүүлээгүй, аль эсвэл холбогдох ажилтан томилоогүйгээс шалтгаалан байгууллагын төдийгүй зах зээлийн нэр хүндийг унагах сөрөг үр дагавар авчирч болзошгүй. Энэ нь зөвхөн тухайн байгууллагын үйл ажиллагааг доголдуулаад зогсохгүй санхүүгийн системийн тогтвортой байдалд муу нөлөө үзүүлэх олон талын хор уршигтай байдаг. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооноос журам боловсруулж, шат дараалсан арга хэмжээнүүдийг олон нийтэд таниулж байгаа.

НЭЙЛ САКЭР: БАНКНЫ САЛБАРЫГ УЛАМ ЧАДАВХИЖУУЛАХ ХЭРЭГТЭЙ

ОУВС-гийн суурин төлөөлөгч

 -Хөрөнгийн зах зээл, даатгал, банк бус санхүүгийн байгууллага зэрэг байгууллагууд өнөөдрийн яригдаж буй комплаенсыг хэрэгжүүлэх нь маш чухал. Мэдээж хэрэг Засгийн газрын мөнгөний бодлого, макро эдийн засгийн томоохон хөтөлбөрүүд үүнд нөлөөлнө. Гэхдээ зохицуулагч байгууллагууд хяналт шалгалтаа сайжруулж, комплаенсыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг уриалах хэрэгтэй. Энэ нь маш чухал юм. ОУВС-гийн хөтөлбөрийг 2019 онд үргэлжлүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас баримтлах бодлого тогтвортой байх хэрэгтэй. Банкны салбарыг улам чадавхижуулах хэрэгтэй. Одоогийн байдлаар банкны хүү өндөр гэж харагдаж буй ч энэ нь эргээд эдийн засагт эерэг дүр төрх байгааг харуулж байна гэсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр 2019 онд дотоодын эдийн засагт тулгарч болзошгүй гол эрсдэлүүдийн нэг нь олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага FATF-ийн “Саарал жагсаалт”-д орох гэдгийг оролцогчид онцолж байлаа. “Саарал жагсаалт”-д орвол корроспондент банкны харилцаанд сөргөөр нөлөөлж, зээлжих зэрэглэл буурах, олон улсаас татах санхүүжилтийн зардал өсөх зэрэг эрсдэл үүснэ гэж үзэж байгаа юм. Төрийн байгууллагуудын зүгээс FATF-ийн “Саарал жагсаалт”-д орохоос сэргийлэх шат дараатай арга хэмжээ авч эхэлсэнээ дуулгаж байлаа. Ирэх оны нэгдүгээр сард Ази, Номхон далайн бүсийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлсэн тайлангаа танилцуулах юм байна. 2016 онтой харьцуулахад эрсдэл эрс буурсан гэдгийг оролцогчид хэлж байлаа. Зөрчлийн хуулиар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгосон зэрэг ололт гарсан ч үйл ажиллагааны хэрэгжилт тал дээр дутагдалтай байгаа гэнэ. Тиймээс олон нийтэд мөнгө угаах, терроризмтой тэмцэх үйл ажиллагааг таниулах ажлыг идэвхжүүлэх хэрэгтэй гэдгийг холбогдох байгууллагын төлөөлөл хэллээ.

У.Сарангэрэл

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин. 2018.12.12. №242 (3196)