Нэмэгдсэн: 2018-11-24 02:06:00

Өнөөдөр Монгол Улсын Даатгалын өдөр. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан санхүүгийн салбарын тулгын гурван чулууны нэг-Даатгалын салбарын нийт зүтгэлтнүүд, даатгуулагч түмэндээ амар амгалангийн дээдийг ерөөн мэндчилье.

Санхүүгийн зохицуулах хороо улс орныхоо санхүүгийн салбарыг олон тулгууртай, жигд хөгжил бүхий, зүй ёсны тогтолцоонд шилжүүлэх хүндхэн зорилтыг дэвшүүлж, сүүлийн хоёр жилийн хугацаанд даатгалын салбарын нийт хамт олонтойгоо хамтран бүтээгдэхүүн үйлчилгээний  нэр төрлийг нэмэгдүүлэх, дэвшилтэт арга технологид суурилан иргэд, аж ахуйн нэгжид даатгалын үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалт, үйл ажиллагааг явуулж байна. Бидний хамтын хүчин чармайлтын үр дүнд даатгалын салбарт хувийн хөрөнгө оруулалттай давхар даатгалын компани бий болж, нээлттэй хувьцаат компаниуд төрөн гарч, албан журмын даатгалын хүртээмж тэлж, орон сууцны ипотекийн зээлийн даатгалын бүтээгдэхүүн нэгэнт хэрэглэгчдийн танил болж, хүртээмж нь улам өсөн нэмэгдэж байна.

Улс орон хөгжиж, эдийн засаг тэлэхийн хэрээр бид шинэ шинэ сорилт, бэрхшээлтэй тулгарсаар байх нь лавтай. Тэр бүхэнд Монгол Улсын даатгал салбар бэлэн байж, эрсдэлийг даван туулах, иргэд, олон нийтийн эрх ашгийг хамгаалах, цаашлаад эрсдэлгүй хөгжлийг хангах гол хүчин зүйл нь болтлоо батжин бэхжих учиртай. Энэ нөхцөл, бүрдлийг хангаж даатгалын салбарын зүй зохистой хөгжлийн суурийг тавихад даатгагч, даатгуулагч, зохицуулагч хэн бүхний хамтын идэвх, ард иргэдийн итгэлийг батжуулсан найдвартай, баталгаатай, шуурхай ажиллагаа, үүрэг хариуцлагаа чанд ухамсарласан өндөр зохион байгуулалт чухал юм.

Манай даатгалын салбар ердийн, урт хугацааны болон давхар даатгагч, даатгалын зуучлагч, төлөөлөгчид, хохирол үнэлэгч нийлсэн 2500 шахам ам бүлтэй өнөр өтгөн айл болоод байна. Итгэл хүлээлгэсэн даатгуулагчдаа нэмбэл бидний бүл бүр ч их өнөржинө. Энэ бүхнээр даатгалын салбарт ажиллагсад, албан хаагчид та бидний үүрэг хариуцлагын жин нэмэгдэж буйг гүнээ ухамсарлаж, амьдралын сайн сайхан, эрсдэлгүй хөгжлийг бататгах гэгээн сайхан үйл хэргээ улам өргөжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА С.ДАВААСҮРЭН

2018.11.24