Нэмэгдсэн: 2018-11-21 09:44:00

Санхүүгийн мэдээллийн алба (СМА)-ны дэргэдэх Хамтын ажиллагааны зөвлөл (ХАЗ)-ийн ээлжит хуралдаан өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороонд зохион байгуулагдлаа. ХАЗ нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргах чиг үүрэгтэй зөвлөл юм. Хуулийн дагуу Хороо нь уг зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаж, үйл ажиллагааны тодорхой чиглэлийг хариуцан ажиллаж байна.

Өнөөдрийн хуралдаанд Хороо МУТСТ чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцуулж, хуралд оролцогчдод тодорхой чиглэлүүдээр мэдээлэл хүргэлээ. Тухайлбал, Хорооноос боловсруулсан үл хөдлөх хөрөнгө зуулчлалын салбарын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээний танилцуулга болоод уг салбарт баримтлах бодлого, шийдвэрлэх асуудлуудын талаар Хорооны Судалгаа эрсдэлийн шинжилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Хүдэрчулуун болон Хяналт шалгалт, зохицуулалтын газрын орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Долгорсүрэн нар танилцуулга  хүргэлээ.

Түүнчлэн хурлын хүрээнд Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлт болоод уг төлөвлөгөөтэй холбоотой ирэх оны нэгдүгээр сард Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлэгт хүргүүлэх тайлангийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.