Нэмэгдсэн: 2018-11-13 04:26:00

Санхүүгийн зохицуулах хорооны Хянан шалгагч Б.Болор Олон улсын бичил даатгалын чуулган (ОУБДЧ, International Microinsurance Conference)-ы “Улс хоорондын мэдлэг солилцоог дэмжих болон Хүртээмжтэй даатгал дахь зохицуулагч байгууллагуудын санал бодол”  сэдэвт хуралдааны үндсэн илтгэлийг тавьж, панелистаар ажиллалаа. Бүгд Найрамдах Замбиа улсын нийслэл Лусака хотноо зохион байгуулагдсан уг чуулганд 50 гаруй улс орны даатгалын зах зээлд ажиллаж буй 450 гаруй судлаач, мэргэжилтэн оролцсон юм.

Бичил даатгалын салбар нь бага орлоготой иргэдийн хэрэгцээг хангаж улмаар улс орны тогтвортой хөгжилд нөлөөлөх хүчин зүйл болох талаар энэ жилийн 14 дэх удаагийн чуулган онцоллоо. Энэ салбар сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хурдацтай өсөж буй бөгөөд өнөөдрийн байдлаар бага орлоготой, хөгжиж буй орнуудын 300 сая гаруй иргэн бичил даатгалд хамрагдаад байгаа гэсэн статистик үзүүлэлт гарчээ. Мөн технологийн дэвшил уг салбарын өсөлтөд эерэгээр нөлөөлж байгаа бөгөөд зөвхөн Азид гэхэд мобайлаар дамжуулан бичил даатгалд хамрагдагчдын тоо 40 саяас даваад байгаа юм. Түүнчлэн “Их 7”-гийн орнууд 2020 он гэхэд цаг уур, орчны өөрчлөлтийн эрсдэлээс хамгаалах зорилгоор 400 сая иргэнийг даатгалд хамруулах зорилт тавьжээ.

Замбиагийн Бичил даатгалын техникийн зөвлөл (Microinsurance Technical Advisory Group of Zambia (TAG)) болон Мюних ре сан (Munich Re Foundation), Бичил даатгалын хамтын ажиллагаа (Microinsurance network-MiN)-тай хамтран зохион байгуулсан тус чуулганд оролцогчид салбарын өнөөгийн төлөв болон цаашдын хөгжлийн чиг зам ямар байх, дараагийн алхмууд ямар байх талаар санал солилцож, “Бичил даатгал улс орны хөгжилд хэрхэн нөлөөлөх вэ”, “Латин Америк болон Карибын тэнгисийн орнууд дахь бичил даатгалын зах зээл, түүний өнөөгийн байдал”, “Технологийн дэвшил ирээдүйн бичил даатгалын салбарт хэрхэн нөлөөлөх вэ” болон “Дижитал технологи болон мобайл даатгал” сэдвүүдээр нэгдсэн хэлэлцүүлгүүдийг явуулсан байна.