Нэмэгдсэн: 2018-10-31 08:44:00

Санхүүгийн зохицуулах хороо­ны дарга С.Даваасүрэнтэй ярилцлаа.

Хөрөнгийн зах зээ­лийг сонирхох иргэдийн тоо нэмэгдэж буйг тэрбээр онцолж, энэ салбарыг цаашид хөгжүүлэх боломж, нөхцөл хангалттай байна гэсэн юм.

-2018 он хараахан дуусаагүй байна. Энэ жил СЗХ-ны хувьд хамгийн сэтгэл хангалуун байсан ямар ажил байна вэ?

-СЗХ-ны үндсэн бодлогоор зохицуулж байгаа нэг салбар бол үнэт цаасны зах зээл. Энэ зах зээл дээр шинэ бүтээгдэхүүнүүд бий болж буй тул түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтүүд сүүлийн хоёр жилд тохиож байна. Өнгөрсөн хоёр жилд 10 орчим компани өрийн хэрэгсэл гаргах, олон нийтэд хувьцаагаа санал болголоо. Энэ хэрээр хөрөнгийн зах зээл өдөр тутмын амьдралд чухал гэдэг ойлголтыг олон нийтэд өгч байна.

2018 оны хоёрдугаар улир­лын байдлаар хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 2.5 их наяд төгрөгт хүрсэн нь ДНБ-ий 10 орчим хувьтай тэнцэх үзүүлэлт. Үүнээс уг зах зээлд ямар идэвхжил гарсан, иргэдийн оролцоо хэр нэмэгдсэн нь харагдана.

-Олон нийт ямар төрлийн хувьцааг илүү сонирхож байна вэ?

-СЗХ компаниудад хөрөн­гийн зах зээлд оролцох зөв­шөө­рөл олгодгийн хувьд он­цолж хэлэхэд, тухайн ком­пани олон нийтэд хувьцаагаа санал болгохын тулд хэр сайн ажилласан нь маш чухал үзүүлэлт. Үүнээс гадна хүмүүс шинэ соргог зүйлд хөрөнгө оруу­лах сонирхолтой болсон нь анзаарагдаж байна.

Эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, эерэг үзүүлэлт бий болохын хэрээр хөрөнгийн зах зээл хөгжиж, компаниуд чадавхжиж байна гэж зарим хүн ярьдаг. Бид зохицуулагч байгууллагын хувьд үүнийг судалж үзсэн. Судалгаанаас харахад, эдийн засаг сайжраад ирэхээр хүмүүс хөрөнгийн зах зээл рүү хошуурдаггүй юм байна. Хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн газарт эдийн засгийн өсөлтийн хамаарал хүчтэй байдаг бол хөрөнгийн зах зээл сул манайх шиг улсуудын хувьд харьцангуй бага юм. Хамгийн гол нь хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар сайн, үйл ажиллагаа идэвхтэй байхын хэрээр эдийн засагт өгөх өгөөж нь өндөр байдаг юм байна.

-Та СЗХ-ны даргаар томи­логдсоныхоо дараахан банк­наас бусад санхүүгийн сал­барын зах зээлд эзлэх хувь хэмжээг 15 хувиас багагүй болгож өсгөнө гэж байсан. Таны зорьсон хэмжээнд дөхөв үү?

-Олон улсад санхүүгийн зах зээлийг банк, хөрөнгийн зах зээл, даатгал гэсэн гурван салбар голлон бүрдүүлдэг.

Эдгээр зах зээл тооцооллын хувьд өөр. Тухайлбал, банкны салбарыг актив буюу нийт хөрөнгөөр нь, үнэт цаасны зах зээлийн хувьд зах зээлийн үнэлгээгээр хэмждэг. Харин даатгалын салбарт төлбөр түргэн гүйцэтгэх чадвараас илүү зах зээл дэх гүнзгийрэлт, даатгалын нягтрал ямар байгаа нь чухал. Дэлхий дахинд бол тухайн зах зээлийн ДНБ-д эзлэх хувиар хэмждэг жишиг бий. Намайг ажлаа авах үед ДНБ-д эзэлж буй банкнаас бусад салбарын хувь хэмжээ 6-7 хувь байсан. Харин 2018 оны хоёрдугаар улирлын байдлаар 15 хувьд хүрчээ. Үүнийг задлаад харвал үнэт цаасны зах зээлийн ДНБ-д эзлэх хувь 9.1, даатгалынх 1.2, ББСБ болон ХЗХ-ны салбар тав орчим хувь байна.

-Таны эхний зорилго биел­жээ. Тэгвэл дараагийн хоёр жилийн гол зорилт юу байх бол?

-15 хувь гэдэг манай салбарын өсөлтийн цэг гэж харж байна. Үүнээс цааш өргөжих боломжтой. Хөрөнгийн зах зээлд 2011 онд хамгийн өндөр тоон үзүүлэлт тохиосон. Нийт хэмжээ 2.1 их наяд төгрөгт хүрч, түүнээс хойш тасралтгүй буурсан. 2015-2016 онд хөрөнгийн зах зээлийн нийт арилжааны 98 орчим хувийг зөвхөн Засгийн газрын бондын арилжаа эзэлж байлаа. Харин 2017 оноос Засгийн газрын бондыг хөрөнгийн зах зээл дээр арилжихаа больсон. Тэгэхээр одоогийн 2.5 их наядын зах зээлийн үнэлгээ гэдэг бол тэр чигээрээ дотоодын эх үүсвэрээс бий болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах сонирхол ард иргэдэд байна. Гол нь гаргаж буй шийдвэр бүрийнхээ эрсдэлийг хамгийн бага, өгөөжийг хамгийн өндөр байлгаж, энэ үйл явцыг тогтвортой барих нь чухал.

Дэлхийн хөгжингүй улс орнуу­дын хөрөнгийн зах зээ­лийн үнэлгээ ДНБ-ий хэм­жээнээс нь хэд дахин давсан байдаг. Харин манай улсад одоо­гийнхоос илүү нөөц боломж байгаа гэж бодож байна.

Ч.Баатар

Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин.

2018.10.31 №214 (1013)