Нэмэгдсэн: 2018-10-30 08:03:00

Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх асуудлыг улс орнууд үндэсний хэмжээний стратеги төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх шаардлагатайг Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг(СХН, Alliance for Financial Inclusion, AFI) “Санхүүгийн хүртээмжийн үндэсний стратеги дахь хүртээмжтэй даатгалын асуудал” судалгаандаа дүгнэжээ. СХН нь дэлхийн 92 орны 107 төв банк, санхүүгийн зохицуулагч байгууллагын гишүүнчлэл бүхий олон улсын санхүүгийн салбарын томоохон бүтэц юм.

Судалгаанд нийгэмлэгийн гишүүн 36 орны төв банк, санхүүгийн салбарын зохицуулагч байгууллага, сангийн яамдыг хамруулсан байна. Ингэхдээ хүртээмжтэй даатгалын асуудлыг ямар түвшинд, ямар ангилалд авч үзэн төлөвлөгөө, стратегидаа оруулсныг дэлгэрэнгүй судалсан байна. Судалгаанд хамрагдсан улсуудаас 17 нь санхүүгийн зах зээлтэй холбоотой үндэсний хэмжээний стратеги төлөвлөгөөндөө хүртээмжтэй даатгалын зах зээлийн талаар багтаасан байна. Зөвхөн нэг улсын хувьд хүртээмжтэй даатгалын салбарын талаар үндэсний хэмжээний төлөвлөгөө, стратегигүй гэсэн дүн гарчээ.

Мөн судалгаанд зарим улс орны санхүүгийн хүртээмжийн үндэсний стратеги, түүнийг хэрхэн боловсруулж, ямар түвшинд хэрэгжүүлж байгаа, тэдгээрт хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх ажил хэрхэн туссан талаар жишээ болгон, дэлгэрэнгүй танилцуулсан байна. Дэлгэрэнгүй танилцуулгад багтсан Малайз, Папуа Шинэ Гвинэй, Парагвай, Танзани улсуудад хүртээмжтэй даатгалын асуудлыг үндэсний стратегидаа тусган хэрэгжүүлснээр энэ төрлийн даатгалын гэрээний тоо эрс нэмэгдсэн зэрэг бодит үр дүнгүүд гарсан байна.

Сүүлийн жилүүдэд хүртээмжтэй даатгалыг үндэсний стратегийн түвшинд авч үзэх хандлага нэмэгдэж байгаа ч хэрэгжилтийг эрчимжүүлэх, тухайн үндэсний стратеги, төлөвлөгөөг сайжруулах шаардлага байгааг СХН-ийн судлаачид дүгнэж байна. Түүнчлэн судалгаанд хамрагдсан улс орнуудад хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх асуудалд бодлогын түвшний анхаарал дутагдалтай байгааг судалгааны дүнд онцлон дурдсан байна.

Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо 2015 онд баталсан “Даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүртгэлийн журам”-аараа “Хүртээмжтэй даатгал”-ыг тусгайлан тодорхойлж, энэ төрлийн бүтээгдэхүүний онцлог, шинж чанарыг журамлаж өгсөн бөгөөд үндэсний хэмжээнд төлөвлөн боловсруулж буй санхүүгийн хүртээмжийн асуудлаарх бодлогын баримт бичигт бие даасан байдлаар тусгахаар ажиллаж байна.