Нэмэгдсэн: 2018-10-24 05:50:00

Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газар (ББСБГ)-ын орлогч дарга Б.Итгэлсүрэн, Хяналт шалгалт, зохицуулалтын газар (ХШЗГ)-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Долгорсүрэн нар Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Санхүүгийн салбарын группын тэргүүн Лотте Шузибел, цахим аюулгүй байдлын мэргэжилтэн Найжел Фейр нартай уулзаж, цахим бүтээгдэхүүн, үйлчилгээнд тулгуурлан санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга замын талаар харилцан мэдээлэл солилцов.

Санхүүгийн үйлчилгээнд финтек буюу технологийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлж, бүтээгдэхүүнийг иргэд харилцагчдад түргэн шуурхай, хүртээмжтэй нийлүүлэх арга замын талаар онцлон ярилцсан тус уулзалтын үеэр Монгол Улсад интернэт, гар утасны хэрэглээ ихээхэн өндөр үзүүлэлттэй байгаа нь цахим санхүүгийн үйлчилгээ хөгжүүлэх гол суурь нөхцөл болохыг АХБ-ны төлөөлөгчид онцолж байв. Санхүүгийн цахим үйлчилгээг хөгжүүлснээр ББСБ-уудын үйл ажиллагааны зардал ихээхэн буурч, үр өгөөж нэмэгдэхийн зэрэгцээ бүтээгдэхүүний өртөг буурч, хэрэглэгчдэд оногдох хүү төлбөр ч ихээхэн буурах боломжтойг ярилцаж, арга замын талаар зөвлөлдөв.

Санхүүгийн цахим үйлчилгээг хөгжүүлэхэд чухлаар тавигддаг нэг асуудал бол цахим аюулгүй байдал юм. Энэ талаар АХБ-ны мэргэжилтэн зөвлөмж өгч, цахим аюулгүй байдлын эрсдэл, халдлага, тэдгээрээс урьдчилан сэргийлэхэд анхаарах зүйлсийн талаар танилцуулга хийн, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.