Нэмэгдсэн: 2018-10-19 09:36:00

Санхүүгийн зохицуулах хорооноос ХБНГУ-ын GIZ байгууллагын Азийн орнуудын хүртээмжтэй даатгалын асуудлаарх мэдлэг, туршлага солилцох сүлжээ (MEFIN)-тэй хамтран “Хүртээмжтэй даатгалын тухай олон нийтийн мэдлэг ба гамшгийн эрсдэлийн удирдлага” сэдэвт семинарийг зохион байгууллаа. Тус семинарт “Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо” хөтөлбөрийн захирал, доктор Антонис Малагардис мэргэжлийн оролцогчдод хөдөө аж ахуй, бусад салбарын жижиг дунд бизнес эрхлэгчдийн байгалийн гамшгийг даатгалаар хамгаалах талаар илтгэл тавьсан бол хөндлөнгийн зөвлөх, судлаач Магдалена Сегре эрсдэлийн удирдлага, санхүүгийн боловсрол ба Монголын хүртээмжтэй даатгалын асуудлаар хэлэлцүүллээ.

Доктор Антонис Малагардис байгалийн гамшгийн эрсдэлд хамгийн ихээр өртдөг эмзэг бүлэгт жижиг дунд бизнес эрхлэгчид багтаж байгааг хэллээ. Мөн хөдөө аж ахуйн салбарт ган, зуд, үерийн улмаас малын тоо толгой олноор хорогдох, айл өрхүүд орон гэргүй болох амь насаа алдах эрсдэл цөөнгүй байна. Эдгээр эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, даван туулахад даатгалын байгууллагууд ОБЕГ зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргадаг гамшгийн эрсдэлийн судалгааг авч, даатгалын эрсдэлийг тогтмол судалж байх нь салбарын үйл ажиллагаанд доголдол үүсэхээс хамаалах чухал нөлөөтэй онцлов. Иргэдийн дунд нь даатгалыг татвартай адилтган үзэх, баян хүмүүст зориулсан зүйл мэт хандах хандлагыг өөрчлөх, баян хүмүүс орлогын олон эх үүсвэртэй байдаг бол бага, дунд орлоготой иргэдийн хувьд байгаагаа даатгуулахгүй байх нь гарах эрсдэл илүү гэдэгтэй семинарт оролцогчид санал нэгтэй байв. Зохицуулалтын байгуулагаас ард иргэдэд даатгалд хамрагдахын ач холбогдлыг таниулахын зэрэгцээ шинээр нэвтэрч буй технологийн хөгжлөөс хоцрохгүй байх шаардлагатай, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд мэргэжлийн холбоодын оролцоо чухлыг хөндөв.