Нэмэгдсэн: 2018-10-19 06:48:00

Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй техникийн хамтын ажиллагааны “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх II үе шатны төсөл”-ийн цар хүрээ, үйл ажиллагаа, хүлээгдэх үр дүнг тохиролцсон хурлын тэмдэглэлийг албажууллаа. Хурлын тэмдэглэлд Хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Мүцүми Сато нар гарын үсэг зурав.

“Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх II үе шатны төсөл”-ийг төлөвлөх уулзалтуудыг ЖАЙКА-гийн ахлах зөвлөх Цүнода Жиро, Төрийн бодлого, санхүүгийн салбарын хэлтсийн орлогч дарга Огата Эрина нар энэ долоо хоногт Хороо болон Сангийн яам, Монголбанк, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “Монголын үнэт цаасны бирж” ХХК, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо болон бусад холбогдох байгууллагад хийсэн юм. Уулзалтуудаар II үе шатны төслөөр гүйцэтгэх ажлын хүрээг, компанийн бондын зах зээлийн нөхцөл байдлын судалгаа хийж, зөвлөгөө өгөх, зэрэглэл тогтоох байгууллага байгуулах болон биржийн бус арилжааны эрх зүй, зохицуулалт, тогтолцооны зарчмыг тодорхойлж боловсруулах, олон нийтийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлж, зах зээлд оролцох сонирхлыг нэмэгдүүлэх гэсэн гурван чиглэлээр тогтоогоод байна.

Өнгөрөгч 2017 оны зургадугаар сард буюу төслийн эхний үе шатны төгсгөлд ЖАЙКА-гийн шинжээч нар дараагийн үе шатыг тодорхойлох судалгаа хийсэн бөгөөд уг судалгаагаар тогтоосон хүрээг энэ удаагийн уулзалтуудаар тодорхой хэмжээгээр өөрчилж буй тул ийнхүү хурлын тэмдэглэлийг баталж байна. Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх II үе шатны төсөл 2019 оны эхний улирлаас гурван жилийн хугацаанд хэрэгжинэ.