Нэмэгдсэн: 2018-09-28 09:58:00

Хэдхэн хоногийн дараа болох олон улсын ахмадын баярын өдрийг угтан Санхүүгийн зохицуулах хорооны удирдлага, хамт олон өнөөдөр ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Хорооны дарга, доктор С.Даваасүрэн уулзалтын эхэнд, ахмад настан та бүхний үйл хэргийг үргэлжлүүлэн ажиллахад санал бодол, мэдлэг туршлагыг тань сонсож, асууж лавлах, зөвлөж ярилцах зүйл багагүй байна гээд, банкнаас бусад санхүүгийн зах зээлийн хөгжлийн хандлага, олон нийтийн ойлголт, мэдлэгийг хэрхэн дээшлүүлэх, мөнгөний, төсвийн болон санхүүгийн системийг боловсронгуй болгох, ялгаа заагийн тодорхойлох зэрэг олон асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн санхүүгийн зах зээлийн энэ оны эхний хагас жилийн тойм, хэрэглэгчийн итгэл, хүлээлтийн болон санхүүгийн хүртээмж дэх жендерийн тэгш байдлын судалгаа зэрэг мэдээллийг Ахмадын зөвлөлийнхөндөө танилцуулж, авч хэрэгжүүлж бодлогын үйл ажиллагаа, гарч буй үр дүнгийн талаар тайлагнав. Ахмад настнууд Хорооны бодлого, үйл ажиллагаанд тулгамдаад байгаа болон бэрхшээлтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, зохицуулах талаар тус тусын саналаа хэлж, илэн далангуй ярилцсан юм.

Ахмадын зөвлөлтэйгөө Хороо хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж буй бөгөөд энэ онд л гэхэд дөрөвдүгээр сард зохион байгуулсан “Спортын их наадам-2018”-д ахмадын зөвлөлөөс шатар, ширээний теннис, биллиард, дартсын бие даасан баг гарган амжилттай оролцсон бол тавдугаар сард ахмад настнуудаа Улсын II төв эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулсан юм. Мөн саяхан Хороо Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгтэй хамтран ажиллахаар гэрээ байгуулсан бөгөөд эхний ээлжинд Ахмадын зөвлөлийн настнуудаа ирэх сард эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулна.

Уулзалтын дараа Хорооны удирдлагаас ахмад настнууддаа хүндэтгэлийн зоог барив.