Нэмэгдсэн: 2018-09-27 07:22:00

Санхүүгийн зохицуулах хороо зах зээлд оролцох, үйлчилгээ авахад иргэдэд учирч байгаа саад бэрхшээлийг бууруулах, тэгш боломжоор хангах зорилтынхоо хүрээнд хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ)-дыг Зээлийн батлан даалтын сангийн үйлчилгээнд хамруулахаар ажиллаж байна. Ингэхдээ санхүүгийн зах зээлд оролцогчдод тавигдах нөхцөл, шаардлагыг үйл ажиллагааны онцлогтой уялдуулан оновчтой тогтоох, хөнгөвчлөх арга замыг холбогдох байгууллагуудтай хамтран эрэлхийлж байна.

Зээлийн батлан даалтын сан нь барьцаа хөрөнгө дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг батлан даах үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн бус байгууллага юм. Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд, Зээлийн батлан даалтын сан нь банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргана гэж заасан. Тодруулбал, сангийн үйл ажиллагаа нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах, сангийн үйл ажиллагааг оновчтой үр ашигтай явуулахад оршдог юм.