Нэмэгдсэн: 2018-09-18 05:31:00

Санхүүгийн зохицуулах хороог орон нутагт аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нар, бүртгэл эрхэлсэн мэргэжилтнүүдийнхээ хамтаар төлөөлж ажилладаг юм. Орон даяар ажилладаг нийт 65 төлөөлөгчөө Хороо хүлээн авч, санхүүгийн хүртээмжийг өргөжүүлэх, тогтсвортой байдлыг хангах, хэрэглэгч, харилцагч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр баримталж буй бодлого, стратеги, банкнаас бусад санхүүгийн зах зээлийн өнөөгийн төлөв байдлыг танилцуулах уулзалтаа эхэллээ.

Уулзалт зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ Хорооны дарга, доктор С.Даваасүрэн санхүүгийн үйлчилгээг иргэд, олон нийтэд, мал аж ахуйгаа эрхлэн яваа хөдөөгийн айл өрхөд хүргэхэд төлөөлөгчдийн хамтын ажиллагаа ихээхэн чухал болохыг онцлоод, Хорооноос явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулсан юм. Хоёр өдөр үргэлжлэх уулзалт-зөвлөгөөнөөр, үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж зээлийн хоршооны зах зээлийн хөгжлийн хандлага, эрх зүйн, зохицуулалтын орчинд гарсан өөрчлөлтүүд, технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний цар хүрээ, түүний зохицуулалт, хяналт шалгалтын тогтолцоо, хэрэглэгчийг хамгаалах ажиллагаа гэх мэт өргөн хүрээний асуудлуудыг нэгтгэн хэлэлцэх юм. Мөн төлөөлөгчид Хорооны зохицуулалтад ажилладаг зарим онцлог бүхий байгууллагууд, тэр дундаа хөрөнгийн захх зээлийн дэд бүтцийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцана.