Нэмэгдсэн: 2018-09-06 06:02:00

Олон улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (СХН, Alliance for Financial Inclusion, AFI)-ийн бүтцэд Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн санаачилгын зөвлөл байгуулах асуудалд Санхүүгийн зохицуулах хороо жил гаруйн өмнөөс идэвхтэй ажиллалаа. ОХУ-ын Сочи хотноо хуралдаж буй Дэлхийн бодлогын чуулганаар тус бүс нутгийн удирдагчдын дугуй ширээний уулзалт болж санаачилгын зөвлөлийг санал нэгтэй байгуулав.

Дугуй ширээний уулзалтад Монгол Улсын Санхүүгийн зохицуулах Хорооны дарга С.Даваасүрэн болон ОХУ, Казакстан, Киргизстан, Тажикстан, Узбекстаны Төв банк, санхүүгийн зохицуулагч байгууллагуудын тэргүүн нар оролцож, бүс нутгийн зөвлөлийн ажиллах дүрэм, журмыг хэлэлцэн эцэслэж, Дэлхийн бодлогын форумд өнөөдөр танилцууллаа. Түүнчлэн Зүүн Европ болон Төв Азийн бүс нутгийн санаачилгын зөвлөл Сочигийн 10 дахь Дэлхийн бодлогын форумд бие даасан бүтцээр анх удаа хуралдаж, зохион байгуулалтынхаа талаар ярилцсан юм.

Дугуй ширээний уулзалтын үеэр СЗХ-ны дарга, доктор С.Даваасүрэн Дэлхийн бодлогын форумыг СХН-тэй хамтран зохион байгуулж буй ОХУ-ын Төв банкны ерөнхийлөгч, хатагтай Эльвира Набиулиннатай уулзаж, хоёр улсын санхүүгийн харилцаа, хамтын ажиллагаа болон энэ харилцааны хэтийн төлөв, хандлагын талаар санал солилцлоо.