Нэмэгдсэн: 2018-08-01 06:16:00

БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагын зөвлөх, доктор Күү Жасамтай ярилцлаа. Тэрбээр АНУ-д мастерын зэрэг хамгаалж, Лондонгийн хөрөнгийн зах зээлд ажиллаж байсан төдийгүй Солонгосын болон олон улсын санхүүгийн зах зээлд нийт 40 гаруй жил ажилласан туршлагатай  нэгэн бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны урилгаар хагас жилийн хугацаанд Монголын хөрөнгийн зах зээлийн бодлого тодорхойлоход зөвлөхөөр ажиллаж байна.

-Та манай улсад анх удаа ирж байгаа юу. Монгол Улсын талаар сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?

-Тийм ээ. Анх удаа ирж байна. Миний бодож байснаас илүү Улаанбаатар хөл хөдөлгөөнтэй, амьдрал буцалсан хот юм. Монгол хүмүүс ухаантай, сийрэг хүмүүс шиг санагдсан. Бас хэлний авъяастай.  Солонгос, англи хэлээр сайн ярьдаг хүн олон байна. Монголчууд оюуны чадамжтай, тоондоо сайн учраас санхүүгийн талын бизнес хийхэд боломжтой санагдсан.

-Та хөрөнгө оруулалтын чиглэлээр судалгаа, сургалт хийж, эрх зүйн орчныг сайжруулах талаар зөвлөгөө өгөхөөр ирсэн байна. Ажлаа юунаас эхэлсэн бэ?

-Эхний ээлжинд зургаан сарын хугацаанд Монгол Улсад байна. Энэ хугацаа маань дуусаад Санхүүгийн зохицуулах хороотой тохиролцох юм бол цаашдаа гурван жил хүртэл гэрээгээ сунгах нөхцөлтэйгээр ажиллана.  Монголд байх хугацаандаа үнэт цаасны зах зээл дээр түлхүү ажиллана гэж бодож байна. Одоогоор Монголын хөрөнгийн зах зээлийн хэмжээ маш жижиг. Арилжааны хэмжээ ч мөн адил жижиг шүү дээ. 1980 оны Солонгосын хөрөнгийн зах зээлтэй ойролцоо санагдаад байгаа юм. Тэр үед Солонгосын хөрөнгийн зах зээл жижиг, арилжааны хэмжээ ч маш бага байсан. Гэхдээ солонгос хүмүүс тоонд сайн, ажил хэрэгч учраас хөрөнгийн зах зээлээ аажмаар хөгжүүлж чадсан. Монголын тухайд Солонгосчуудаас ч илүү оюуны чадалтай учраас хөрөнгийн зах зээл нь хөгжихөд ядах зүйлгүй гэж бодож байна.  

-Үнэт цаасны зах зээл дундаас яг ямар чиглэлд нь зөвлөгөө өгье гэж бодож байна?

-Миний харж байгаагаар Хөрөнгө оруулалтын сангийн чиглэлээр илүү ажилламаар юм шиг санагдсан. Энэ асуудал Монгол Улсад маш дутмаг байгаа. Хөрөнгө босгох, өрийн хэрэгсэл гаргах сонирхолтой хүмүүс олон бий. Тиймээс Хөрөнгө оруулалтын сангийн зохицуулалт дээр илүү ажиллах бодолтой байна.

-Хөрөнгө оруулалтын санг хөгжүүлэхэд юу хийх ёстой вэ. Манайд эхлэл нь тавигдсан уу?

-Хөрөнгө оруулалтын сангийн тогтолцоо Монголд одоо л үүсч байна. Миний ирсэн гол зорилго бол Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад дэмжиж ажиллах юм. Монгол Улсын Сангийн яам болон Санхүүгийн зохицуулах хорооныхон хөрөнгийн зах зээлд тулгамдаж байгаа асуудлуудаа сайн мэдэж байгаа. Асуудлаа мэдэж байгаа учраас гарц, гаргалгаагаа гаргаж, хуулиа боловсруулахад асуудал байхгүй гэж бодож байна.

-Солонгос Улсын хөрөнгийн зах зээл 1980 онд манайхтай ижил төвшинд байсан гэж та хэллээ. Өдийг хүрэхэд мэдээж саад бэрхшээл тохиолдож байсан байх. Үүнийг хэрхэн даван туулж байв?

-Солонгосын хөрөнгийн зах зээл хөгжлийн хувьд сайн. Токио, Сингапур, Хонгконгийн хөрөнгийн зах зээлүүдтэй нэг төвшинд байдаг. 1980-1990 онд Солонгосын хөрөнгийн зах зээл маш жижиг, хэлбэлзэлтэй байсан. Хөрөнгийн зах зээлд оролцож байгаа хэсэг хүмүүс тоглолт хийж, өөрсөддөө ашигтайгаар эргүүлдэг байлаа. Тиймээс Солонгосын Засгийн газраас хөрөнгийн зах зээлийн хууль, журмыг чангатгаж, сайжруулж өгсөн. Ингэснээр сөрөг үйлдлүүд багассан. Тэрнээс гадна бидэнд гадны хөрөнгө оруулалтыг татах маш чухал байсан. Хөрөнгө оруулалт татах бүхий л боломжийг бид ашиглаж чадсан. Ингээд л эдийн засгийн хөгжлөө дагаад манай хөрөнгийн зах зээл хөгжиж чадсан. Үүнийг дагаад зохицуулах байгууллагууд хууль журмаа сайжруулах, мэдээлэл солилцох, арилжаа хийх тогтолцоог сайжруулсан. Монголчуудын хувьд төлбөр тооцоо, хөрөнгө оруулалт, хувьчлалын асуудлуудаа шийдэх хэрэгтэй. Эдгээр асуудлуудаа шийдэж чадвал гадны хөрөнгө оруулагчид Монголыг сонирхох болно.

-Манай улсын санхүүгийн зах зээлд банкны салбар 95 хувийг нь эзэлдэг. Харин хөрөнгийн зах зээл маш бага хувийг эзэлдэг. Үүнийг гаж тогтолцоо гэдэг ч одоог хүртэл засч, сайжруулж чадахгүй байгаа. Танай улсын хувьд  банкны салбар хэдэн хувийг эзэлдэг вэ?

-Солонгост банкны сектор 50 гаруй хувийг нь эзэлдэг. Хөрөнгийн зах зээл хөгжөөд ирэхээр банкны зах зээл аяндаа жижигсээд ирсэн. Том компаниуд урт хугацааны санхүүжилтыг хөрөнгийн зах зээл дээрээс л болгох боломжтой байдаг. Харин банкууд богино хугацааны санхүүжилт хийдэг. Ер нь эдийн засаг хөгжих гол хөшүүрэг бол хөрөнгийн зах зээл юм.  Хөрөнгийн зах зээл Солонгос улсад олон нийтэд маш сайн танигдсан. Ялангуяа санхүүгээр сурч байгаа оюутнууд Хөрөнгө оруулалтын банкинд орох их сонирхолтой байдаг. Цаашдаа тэндээ ажиллаж, карьераа эхлүүлэх боломжийг тэд хайдаг.

-Солонгос Улсын эдийн засаг хурдацтай хөгжихөд юу нөлөөлсөн гэж та боддог вэ?

-Хөгжлийн ганц түлхүүр бол хөдөлмөрлөх л байсан. Солонгос хүмүүс өдөр, шөнөгүй хөдөлмөрлөсөн. Хоёрдугаарт, мэдээж оюун ухааны чадвараа ашиглаж хөгжилд оролцох нь чухал байсан. Солонгос улс Монгол шиг байгалийн баялаггүй учраас толгойгоо ашиглахаас гадна үйлдвэрлэлээ хөгжүүлэх нь чухал байсан. Миний харж байгаагаар монголчууд хөдөлмөрч, оюуны чадалтай хүмүүс. Ер нь Солонгостой ойролцоо санагдаж байгаа. Цаашид хөрөнгийн зах зээлд хамтраад ажиллах боломжууд олон бий гэж бодож байна. Монголчууд аливаа зүйлийг богино хугацаанд  сурч, хөгжиж чаддаг. Хөрөнгийн зах зээлийг зөв аргаар, сайн хөгжүүлэх нь маш чухал. Мөнгө бол нэгдүгээр асуудал биш. Хөрөнгийн зах зээл сайн ажиллаж чадвал мөнгө аяндаа орж ирнэ. Тиймээс иргэд хөрөнгийн зах зээл дээр толгойгоо ашиглаж, шударгаар ажиллабал илүү үр дүнтэй байх болов уу.

-Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хамгийн түрүүнд ямар асуудлыг шийдэх ёстой гэж бодож байна вэ. Гадны хүний нүдээр харахад засч, залруулах зүйлүүд бишгүй л байгаа байх даа?

-Хоёр асуудал байна. Эхний ээлжинд Монголын хөрөнгийн зах зээлийн хууль, эрх зүй болон дэд бүтцийг нь сайжруулах хэрэгтэй. Үүнийг бусад улс орноос суралцаад өөрчилж, сайжруулах амархан. Хамгийн гол нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах асуудал чухал. Гэхдээ дотооддоо томоохон компаниуд хөрөнгийн зах зээлдээ оролцож,  хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй юм шиг санагдсан. Үүнээс гадна Монголын хөрөнгийн зах зээлд олон жижиг асуудал бий. Энэ бол огт шийдэгдэхээргүй асуудлууд биш. Цаашдаа эдийн засгийн хөгжлөө дагаад асуудлууд нь шийдэгдээд явна. Хамгийн гол нь Засгийн газраас хөрөнгийн зах зээлдээ тохирсон оновчтой стратеги, бодлогыг боловсруулах хэрэгтэй байна. Гол асуудлыг нь тодорхойлж, дараалалд оруулах хэрэгтэй. Тэгээд тэрийгээ биелүүлээд явбал хууль эрх зүйн орчин, дэд бүтэц зэрэг нь дагаад хөгжих боломжтой шүү дээ.

Засгийн газар бодлого гаргалаа гэхэд тэр нь тогтвортой байх нь чухал. Шинээр нам солигдоход бодлого нь өөрчлөгдөхгүйгээр нэг зарчмаараа явбал хөгжихөд илүү үр дүнтэй. Солонгос Улсын хөрөнгийн зах зээл жижиг байсан гэж би дээр хэлсэн. Манай улс хөрөнгийн зах зээлдээ Засгийн газраас тогтвортой бодлого гаргаж, түүнийгээ тууштай хэрэгжүүлсээр ирсэн. Ингэснээр бид гадаадын хөрөнгө оруулалт оруулах боломжтой болсон. Зорилгодоо хүрэх урт хугацааны бодлого боловруулаад түүнийгээ биелүүлж чадсан.

-Үнэхээр зорилгодоо тууштай байлаа гэхэд хэдэн жилийн дотор хөрөнгийн зах зээл хөгжих боломжтой вэ?

-Түүнийг би сайн хэлж мэдэхгүй. Гол нь бодлого боловсруулахдаа хэр тууштай байхаас шалтгаална. Үнэхээр тууштай, ач холбогдол өгөөд анхаарал тавьж ажиллахад таван жил ч болж магадгүй. Хэрэв үгүй бол хэр удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй. Миний харж байгаагаар гурван зүйл бий. Эхний зүйл нь Монголын эрх баригчид хөрөнгийн зах зээлийн сул талуудыг өөрсдөө сайн мэдэж байгаа. Мэдэж байгаа тохиолдолд асуудлуудыг шийдэх, засч, залруулах ажил нь амархан. Дараагийнх нь олон улсын стандартад хүргэх асуудал байна. Бодлого нь тууштай байхад олон улсын жишигт хүргэхэд асуудалгүй. Монголын эдийн засаг Солонгосын эдийн засагтай харьцуулахад өвөрмөц. Солонгос үйлдвэрлэл дээр илүү тогтсон эдийн засагтай байхад Монгол улс байгалийн баялаг дээр тогтсон эдийн засагтай. Тиймээс монголчууд өөрсдийн эдийн засгийн онцлог дээр тулгуурлаж хөрөнгийн зах  зээлээ хөгжүүлэх нь чухал болов уу. Бодлогоо ч ингэж боловсруулах хэрэгтэй.

-Монголчууд Солонгосын хөрөнгийн зах зээлд оролцох боломжтой юу. Ер нь Солонгосын хөрөнгийн зах зээл ямар онцлогтой байдаг вэ?

- Солонгос улс олон улсын стандарт хангасан хөрөнгийн зах зээлтэй учраас хөрөнгийн зах зээлд оролцоход асуудал байхгүй. Хятадын компаниуд Солонгосын хөрөнгийн зах зээлд үнэт цаасаа ихээр арилжаалдаг. Үүнтэй ижлээр, тухайлбал Монголоос уул уурхайн компаниуд Солонгосын хөрөнгийн зах зээл рүү гарахад нээлттэй гэж бодож байна.

-Манайх Солонгосыг гуравдагч хөрш гэдэг. Цаашдаа төмөр замаар холбогдож нүүрсээ тээвэрлэх асуудлыг ч ярьдаг. Ер нь Солонгосчууд манайхтай ямар чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байдаг вэ?

-Монгол хүмүүсийг ажиглаад байхаар солонгосчуудтай гадаад төрхийн хувьд төстэй. Яриад байвал үүсэл гарал нэг болж таардаг. Тиймээс хоёр улсын хооронд бизнес хийж, хамтарч ажиллахад таатай гэж бодож байна. Хэрвээ хоёр Солонгос хоорондоо нэгдчихвэл Монгол руу явах төмөр зам баригдах боломжууд бий гэсэн судалгаа харж байсан юм байна. Хамгийн гол нь Монголын  Засгийн газраас хөрөнгийн зах зээлдээ оновчтой стратеги, бодлогыг боловсруулах хэрэгтэй байна.

-Та хөдөө явсан уу?

-Одоохондоо амжаагүй л байна.  

-Зуны дэлгэр цаг дуусахаас өмнө хөдөө явахыг танд зөвлөе.

-Тэгнэ ээ.

                                                                                                                                                                 Ярилцсан У.Сарангэрэл

                                                                                                                                                   Эх сурвалж: Үндэсний шуудан, 2018.08.01  № 149 (5964 )