Нэмэгдсэн: 2018-06-26 09:28:00

УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны дарга Д.Дамба-Очирын санхүүгийн салбарын хөгжлийн асуудлыг голлон хөндсөн ярилцлага "Open door" сонины “VIPerson” буланд нийтлэгдсэнээс банкнаас бусад санхүүгийн зах зээлүүдтэй холбоотой хэсгийг сэтгүүлчийн зөвшөөрөлтэйгээр толилуулж байна.

 

...-Та дээр яриандаа дурдсан. Манай санхүүгийн зах зээлийн 95 хувийг банкны салбар эзэлж байна гэж... Гэтэл хөгжилтэй орнуудад даатгал, үнэт цаасны арилжаа, үл хөдлөх хөрөнгийн зах зээл нийлж, тулгын чулуу шиг явж байж санхүүгийн зах зээл нь бүрэн утгаараа ажилладаг гэнэ лээ. Манайд ганц хөлтэй сандал шиг л, банк уначих юм бол бүгд татагдан уначих гээд байгаа. Бусад нь энэ 28 жилд хөгжөөгүйгээс маш өрөөсгөл эдийн засаг байх шиг. Жишээ нь гадаадад банк нь хүч алдахад нөгөөдүүл нь дэмжээд авардаг юм гэнэ лээ?
-Их чухал процесс л доо. Эхлээд явж байна. Ойрын нэг жишээ дурдахад Тавантолгойн 10 хувийг иргэддээ 1072 хувьцаа болгоод тарааж байна. Тараасан хувьцаагаа бирж дээр гаргаж, биржээ дэмжиж өгье гэсэн санаа. Ер нь иргэд хувьцаа нь өсвөл зарж, буурвал худалдаж авдаг болох хэрэгтэй. Энэ нь иргэдэд байгаа хувьцааг амь оруулж, эдийн засагт мөнгө эргэлдэнэ. 
-Хөрөнгө мөнгө эдийн засгийн эргэлтэнд орох нь их л хойрго байх юм?  
-Гадаадад гарчихсан байгаа том том компаниуд болон Монголд хөрөнгө оруулсан гадаадын компаниуд сүүлийн үед Монголын хөрөнгийн бирж (МХБ) дээр гарч эхэлж байна. 
-Жишээлбэл, би Open door сонин, ner.mn сайт дээрээс “Erdene Resource Development” компани Монголын Хөрөнгийн биржид дөрвөн сая ширхэг хувьцааг тус бүрийг нь 640 төгрөгөөр үнэлэн олон нийтэд санал болгож, нийт 2.56 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Монголд гаргах хувьцаанаасаа 101,100 ширхэгийг үйл ажиллагаа явуулж буй Баянхонгор аймгийн хоёр сумын иргэдэд нэр зааж эзэмшүүлэх бол үлдэх 3.89 сая ширхэг хувьцааг тогтоосон үнээр олон нийтэд санал болгох ажээ.” гэж уншлаа. Энэ салбарын хөгжлийн нааштай үр дүн мөн үү?
-Энийг бол бид дэмжиж, хууль эрх зүйн үүднээс нь хамгаалах хэрэгтэй.  Боломжийг нь ямар ч гэсэн гаргаж өгч байна. Оюутолгой ч МХБ дээр гарахад болохгүй юм байхгүй. МХБ-ийг хувьчилбал цаашдаа томроод явах нөхцөл бүрдэх юм болов уу гэж би хардаг. Бас нэг том асуудал бол үнэт цаасны зах зээл. Үнэт цаасны зах зээлийг сайжруулах, хөгжүүлэх талаар төсөл хэрэгжүүллээ. Энэ зах зээлийг хөгжүүлэх төрийн бодлогыг баталж өглөө. Та даатгал, үл хөдлөх хөрөнгийн талаар дурдлаа. Даатгалын хуулийг сайжруулах, ач холбогдлыг өргөх нь дараагийн алхам. Үл хөдлөх хөрөнгө, эдийн засаг нь унахаар дагаад уначихдаг хэврэг байж болохгүй. Бүх боломж, механизмуудыг хайж байна.  Бид эднийг зэрэг зэрэг хөгжүүлэхгүй бол ганц банкыг хараад, банкны салбарыг царай алдаад нөгөөдүүлээсээ тойрч гүйж боломгүй байна. Энэ дөрөв зэрэг хөгжвөл хүмүүс банкинд хадгаламж өгөхөөс өөрөөр мөнгөө өсгөх боломжтой болно. Иргэд даатгалд мөнгө хийх үү, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах уу, үнэт цаас авах уу гэдэг сонголтыг хэрэгжүүлэхэд хялбар байх ёстой. 
-Тэр нь хүмүүсийн ахуй амьдралд орчихсон байх ёстой гэдэг ч юм уу... Одоо бол энэ хөрөнгөө өсгөх боломж их хол сонсоглож байна шүү дээ?
-Сонголт байх боломж нь энэ 28 жилд олигтой бий болоогүйгээс ганцхан хадгаламж руу хийх л сонголт үлдээд байна л даа. 
-Жишээ нь хувьдаа тав, долоон сая төгрөгтэй багш, эмч, төрийн албан хаагч хүн зөндөө бий. Тэд бие дааж бизнес хийхэд хэцүү. Ганцхан “А” варианттай. Тэр нь банкинд хадгалуулах. Хүмүүсийн мөнгө банкны хүүгээс дутахгүй эргэлтэнд орсноор амьдралд нь нөлөөлнө биз. Таны бодол?
-Эергээр нөлөөлнө. Америк болон бусад хөгжилтэй оронд, гэрийн эзэгтэй гэртээ сууж байгаад үнэт цаасны худалдаанд оролцоод ашиг олж болдог. Товчхондоо таны яриад байгаа бүх сул илүүдэл мөнгө нь том жижиг гэлтгүй авдранд хэвтэлгүй эргэлтэнд орж байгаа юм. Ингэснээр эдийн засаг маш идэвхжинэ. Цаашлаад жирийн иргэд хувьцааг нь худалдаж авсан компанийн үйл ажиллагаа ямаршуу маягтай байна гэдгийг сонирхож эхэлнэ. Ингэснээр тухайн компани бүх нийтийн хараа хяналтанд орж хариуцлагажина. 
-Бас нөгөө талаараа хувьцаа эзэмшигчээсээ дэмжлэг авдаг байх. Жишээ нь, “Макдональдс”-ийн хувьцаа эзэмшигч бол тэр компанийхаа юмыг хэрэглэх, сурталчлахыг л бодох байх даа?
-Түүнээс гадна санхүүгийнх нь байдлыг дэмжихийг хичээнэ. Санхүүгийн зах зээл бүрэн хөгжсөн газар, бүх нийтийн хэвийн үзэгдэл болчихсон асуудал. Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг ийм хэмжээнд аваачих ёстой. Захын нэг нөхөр тэндээс ашиг орлого олдог боломжтой байх ёстой. Тэгж байж л санхүүгийн зах зээлийг хөгжүүлж, эрчимжүүлнэ.
-“Зогсолтгүй эргэлддэг зоос банк” гэж хөөрхөн реклам санаанд орлоо. Банк нь байхгүй ч уриа нь үлдэж. Түүн шиг хүн бүхний сул мөнгө зогсолтгүй эргэлдэх нь байна. Тийм үү?
-Мөнгөө эргэлдүүлж байна. Мөнгө сул хэвтэхгүй эргэлдэж байна гэсэн үг. Энгийн иргэдэд хүртээмжтэй болсноор санхүүгийн зах зээл өргөжинө. 
-Манай Монголд энэ боломж нь хязгаарагдмал, хаалттай учраас нийгмийн иргэдэд орлого олох олон боломжгүйгээс ядууралтай байна гэж үзэх хүн байна. Олон нийтийн буюу Паблик компаниуд хөгжөөгүй. 1990-ээд оны хөрөнгө хувиарлалтан дээр суурилсан баян ядуугийн зөрчил гүнзгийрсээр... гэж үзэх хүн ч байна. Жишээ нь Австрали, Финлянд, Норвеги гэх мэт улсын иргэдийн 60, 70, 80 хувь нь хувьцаа эзэмшигч байдаг гэж сонссон?
-Ер нь бол ийм. Жишээ нь банкин дээр гэхэд маш олон хувьцаа эзэмшигч байх хэрэгтэй. Банк маш олон хүний хадгаламжийг өөртөө төвлөрүүлдэг. Тэр чинээгээрээ маш олон хүний өмнө үүрэг хүлээдэг байгууллага. Та бидний яриад байгаа паблик ч гэдэг юм уу, олон нийтийн ч гэдэг юм уу, компаниуд нь олон хүний хувьцаа эзэмшдэг. Олон нийтийн оролцоотой бирж дээр гарчихсан олон хүний хяналтан доор байдаг компаниуд. Олон нийтийн хяналтанд орно гэдэг тэр компанийн үйл ажиллагаа эрүүл явагдахын гол үндэс. Менежмент нь хүртэл тийм байх ёстой. Менежерээрээ  компаниа хөгжүүлэх чадвартай хүнийг тавина. Уул уурхайн компани, банкууд ч тэр. Гадаадад яг энэ замаар хөгжиж байгаа. Компанийн бүтэц нь зөв, эрүүл байх хэрэгтэй. Тэгээд ашиг орлогоосоо хөрөнгийн оролцоог нь хараад олон нийтэд хүртээдэг учир нийгмийн амьдралд, ядууралтай тэмцэх энэ тэрд цаад утгаараа маш их ач тустай.

-Компанийн засаглал нь эрүүл байх хэрэгтэй. Бүх юм нь нууц түгжээтэй биш?

-Нэг жишээ. 2008, 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралыг Макдональдс, Старбакс гээд том сүлжээнүүд ажрахгүй давсан. Тэр утгаараа Монгол олон нийтийн эзэмшдэг компани бий болгох асуудлыг шийдэж байж хөгжинө. Цаад утгаараа ядуурал, нийгмийн олон асуудлыг шийднэ.
-Бидний сайн мэдэх Оюутолгой компанийн Рио тинто компани ч гэсэн олон нийтийн компани гэдэг үнэн үү. Эзэмшигчид нь гол төлөв хөгжилтэй орны иргэд байдаг байх даа?
-Олон нийтийн компани... Хөрөнгийн бирж дээр гарах нь хэвийн үзэгдэл болчихсон шүү дээ. БНХАУ-ын төрийн зохицуулалттай том том компаниуд ч хөрөнгийн бирж дээр гарчихсан. Энэ чинь хэн нэгэн орж ирээд дураараа дургих боломжгүй гэдгийг харуулж байна. Бүх тайлан балансаа үнэнчээр тайлбарлах хэрэгтэй. Олон нийт түүнийг нь гарын арван хуруу шигээ мэдэж байдаг. Худлаа гаргавал хувьцаа унана. Тийм компанийн захиралд ганцхан үүрэг оногдож байгаа. Хувьцаагаа өсгөх л үүрэг. Хувьцаа эзэмшигчиддээ ашиг олж өгөх. Одоо МХБ дээр гарсан болон цаашид гарах компанийн бүх тайлан баланс нь ил шударга байх хэрэгтэй. Ингэж итгэл найдвар төрүүлж байж хувьцаагаа борлуулна. Мэдээж, үүнийг хатуу хянадаг механизмыг бүрдүүлэх хэрэгтэй. Хууль эрх зүйн актуудыг нарийн гаргах хэрэгтэй л дээ.

-Сүүлийн 27-н жил МХБ бий болсноор манай үнэт цаасны зах зээл таны хэлсэн шиг хөгжиж чадсангүй. Хэдэн том компанийн хувьцааг нь олон нийт биш хэдхэн хүн атгачихсан дүр зураг харагддаг нь нууц биш. Бид таны яриад байгаа ярианы түвшинд очиход хэр зэрэг хугацаа зарцуулах бол... Дөнгөж эхэлж байгаа сэтгэгдэл төрөх юм. Ягаан, хөх тасалбарын хүртээмжгүй байсан хувь заяа одоо болтол олны дунд яригдаж байдаг?

-Энэ хугацаанд зөвхөн арилжааны банкыг дэмжсэн санхүүгийн зах зээлийг ямар нэг сонирхлоор ч юм уу бүрдүүлжээ. Одоо үл хөдлөх хөрөнгө, даатгал, үнэт цаасны салбарыг хөгжүүлэх боломжийг дэмжих хэрэгтэй. Сүүлийн 25-н жил ярьсан боловч нэг ч олигтой арга хэмжээ авсангүй. Яагаад авахгүй байна. Ямар лобби яваад байна. Санхүүгийн салбарыг цөөн тооны банкууд 95 хувийг нь бариад байна. Өдгөө бусад салбарыг нь хөгжүүлэх цаг нь нэгэнт болсон.

-Хөгжүүлэхийн тулд ямар дорвитой арга хэмжээ авна гэж та бодож, төлөвлөж байна вэ?
-Хуулинд өөрчлөлт оруулна. Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгийн бирж дээр гарсан компанийг МХБ гаргадаг болгоно. Ядаж 5-10 хувиа гарга л даа. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны хуулиудад өөрчлөлт оруулна. Үнэт цаасны бодлогыг явуулах дэс дараатай арга хэмжээ авах үүрэг даалгавар гаргаж байна. 

 

-Бидний хөндөөгүй нэг салбар бол даатгал. Бүгдийг хамруулж ярих аргагүй ч тоймлож ярьж болох байх. Даатгалын тухай ойлголт байна. Давхар даатгал гэж ярих авч бас юу болох талаар ойлголт сул?
-Давхар даатгал Монголд ашигтай. Монголд татвараа төлчихсөн байхад бусад газар дахин дахин татвар төлөх шаардлагагүй болно. Тэгснээр хөрөнгө оруулагчид Монголд дуртай орж ирнэ. Давхар даатгалаар эрүүл мэндийн болон бусад үйлчилгээгээр гадны  том том даатгалын компаниудад монголчууд хамрагдах боломжтой болно. Эрүүл мэнд, үл хөдлөх хөрөнгийн даатгал гээд явна.
-Мал сүргийн давхар даатгал ч гэж ярьдаг.  Ган зуд болж байдаг манай орны хувьд маш чухал?
-Мал сүргийн даатгалаас гадна машин техникийн даатгал байж болно. Монголын жижиг даатгалын компанид хүмүүс итгэхгүй байгаа бол гадаадын хүчирхэг даатгалын компанид даатгуулж болно гэсэн үг. Иймээс гадны, давхар даатгалыг Монголд оруулж ирэх нь зүйтэй. Үүнээс гадна гадаадын үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний компаниуд Монголд байгаа үл хөдлөх хөрөнгийг орж ирж үнэлбэл олон улсын стандарт, гадаад дотоодод тэр компанийн талаарх итгэл үнэмшил өснө. Эд орж ирж гэмээ нь бидний яриад байгаа санхүүгийн зах зээлийн тэлэлт дорвитой болно гэж ойлгох хэрэгтэй...

 

Ярилцсан Х.Бүрэнтогтох

Эх сурвалж: “Open door” сонин. 2018.06.08-15 №22 (200)