Нэмэгдсэн: 2018-06-21 07:08:00

Хөдөө, орон нутгийн политехник коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-ийн “Хувь хүний санхүү”, “Бизнес, аж ахуй эрхлэлт” болон “Эдийн засгийн онол”-ын багш нар санхүүгийн зах зээл, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, татвар, хөрөнгө оруулалт болон хувь хүн, өрхийн санхүүгийн сэдвээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдлаа. Санхүүгийн Зохицуулах хороо, Монголбанк, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд дээрх хоёр өдрийн сургалтыг зохион байгууллаа.

Иргэдийн санхүүгийн оролцоо, оновчтой шийдвэр гаргах чадварыг дээшлүүлэх, улмаар санхүүгийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийг хөгжүүлэх зорилгоор мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын сургалтын агуулгад хувь хүний санхүүгийн мэдлэг олгох хичээлийг нэмэлтээр оруулаад байгаа юм. Тус хичээлийг зааж буй багш нарын заах арга, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, санхүүгийн салбарын хөгжлийн чиг хандлага, бодлого, зохицуулалт болон зах зээлд гарч буй шинэлэг зүйлс, дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг өгөхөд сургалтыг зорилго оршиж буй юм.

Сургалтад 21 аймгийн политехник коллеж, МСҮТ-ийн нийт 45 багш хамрагдаж, мэргэжлийн гэрчилгээ гардан авлаа. Эдгээр бэлтгэгдсэн багш нар жил бүр  42 сургалтын байгууллагын 18 000  орчим суралцагчдад  хүрч ажиллах юм.