Нэмэгдсэн: 2018-06-15 04:10:00

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкуудын холбоо болон Даатгалын салбарын мэргэжлийн холбоодтой Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээ байгуулах ёслолын ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороны дарга С.Даваасүрэн оролцож, гэрээнд Хорооны Даатгалын газрын дарга М.Өлзийбат Монголын банкуудын холбооны дэд ерөнхийлөгч Д.Баярсайхан, Монголын  даатгалын холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Эрдэнэбаатар, Монголын даатгалын зуучлагчдын холбооны ерөнхийлөгч Ц.Төрболд нар гарын үсэг зурав.

Хороо өнөөдрийн байдлаар үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж зээлийн хоршооны салбарын нийт 2100 гаруй санхүүгийн байгууллага, хуулийн этгээдэд хяналт, зохицуулалт хийж ажилладаг. Зохицуулалттай этгээдүүддээ хүрч ажиллахад салбар тус бүрийн мэргэжлийн холбоод, хамтын байгууллагууд ихээхэн дэм болдгийг гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Ариунаа онцоллоо.

Тэрээр санхүүгийн салбар гурван тулгууртай бөгөөд үнэт цаасны, даатгалын болон банк, санхүүгийн салбарууд жигд хөгжиж, тэгш тулах учиртайг онцлоод, энэхүү тулгууруудын нэг даатгалын салбарт сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц өсөлт гарч, цаашид улам өргөжин хөгжих орон зай байгааг харуулж буйг болон үүнд зохицуулагч байгууллага, мэргэжлийн холбоодын нягт хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг дурдлаа. Монгол улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрт даатгалын зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр тодорхой зорилго, зорилт туссан нь төрийн зохицуулагч байгууллагын үйл ажиллагааны чиглэл болж буйг Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Ариунаа тэмдэглэж,  эдгээрийг хэрэгжүүлэхэд зах зээлд оролцогчид, тэдгээрийн боловсон хүчнийг чадавхжуулах, мэргэжлийн холбоод институтыг бэхжүүлэх нь нэн чухал гэлээ.

Хороо мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах хүрээндээ даатгалын зах зээлд оролцогчид, тэдгээрийн боловсон хүчнийг чадавхжуулах үүднээс сургалтын үйл ажиллагааг түлхүү явуулахаар гэрээнд тусгаад байгаа юм. Салбарын боловсон хүчнүүдэд зориулсан даатгалын мэргэжлийн оролцогчдод эрх олгох болон мэргэшүүлэх сургалтыг Холбоод мэргэжлийн түвшинд, чанартай зохион байгуулах, Хороо хяналт тавих болон холбогдох чиг үүргээ хэрэгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлж ажиллах харилцааг гэрээнд нарийвчлан заажээ.

Түүнчлэн Хороо болон мэргэжлийн холбоод хамтын ажиллагааныхаа хүрээнд үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ харилцан санал солилцож, нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллах юм. Мөн Хороо хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, даатгалын салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай шалгуур үзүүлэлт, бусад хэм хэмжээ тогтоох бол Холбоод зохих үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авах талаар санал, санаачлагатай, үр өгөөжтэй ажиллахаар харилцан үүрэг хүлээсэн байна.