Нэмэгдсэн: 2018-06-14 03:19:00

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудаас идэвхтэй арилжаанд ордог нь хэд вэ?

-2018 оны гуравдугаар сарын 21-ний байдлаар 300 хувьцаат компани Хороонд бүртгэлтэй байна. Үүнээс 65 ХК-ийн үйл ажиллагаа зогссон. Хөрөнгийн биржид бүртгэлтэй 219 хувьцаат компани байна. Идэвхтэй арилжаанд оролцдог нь цөөхөн шүү дээ.

-Энэ компаниудын хэд нь ногдол ашгаа тогтмол тараадаг бол?

-Үйл ажиллагаа явуулдаг компаниудын 2.5 хувь нь буюу зургаахан компани 2013-2018 оны хооронд буюу сүүлийн зургаан жил дараалан ногдол ашиг тараасан. Сүүлийн гурван жилд ногдол ашгаа тараасан гэвэл таван компани нэмэгдэнэ.

-Маш бага тоо байна. Ногдол ашгаа тараадаг компаниудыг нэрлээч?

-СЗХ бол төрийн байгууллага. Сайн, муу ямар ч жишээнд компаниудыг нэр зааж дурдах нь бизнест нөлөөлөх эрсдэлтэй. Төрийн байгууллагын хувьд ёс зүй, этик талаасаа шууд нэр дурдах нь зохимжтой биш л дээ.

-Биржид бүртгэлтэй ТОП 10 гэхэд л хувьцааных нь маш цөөн хувь иргэдэд байдаг. Том компаниуд дэргэдээ трейдинг компани байгуулж орлогоо хийгээд хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараадаггүй. СЗХ үүнийг нь бүр өөгшүүлчихсэн гэсэн шүүмжлэлд та ямар хариу өгөх вэ?

-Энэ асуудалд хоёр байр сууринаас хандаж байгаа. Нэгдүгээрт ерээд оноос хойш өнөөг хүртэл үндэсний томоохон компанийнхаа хувьцааг эзэмшиж өдий дайтай ажиллуулж яваа хүмүүст баярлах ёстой. Яг тэдэн шиг ажиллачихаар үндэсний хэд хэдэн том компани байсан ч дампуурсан жишээ өчнөөн гэдгийг та ч мэднэ. Маш олон жижиг хувьцаа эзэмшигчид нь төмөр, хадаас, модыг нь салгаж авсаар байгаад юу ч үгүй болгосон харамсалтай түүх бий. Хувьцааг хэт төвлөрүүлж авчихаад ногдол ашиг бага тарааж хувьцаа эзэмшигчдийг хохироосон асуудал өнөөг хүртэл яригдсаар байгаа нь бодитой үнэн. СЗХ-ны хувьд энэ асуудлыг аль болох цэгцлэх гэж хичээж байна. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг бол анхаарахгүй орхиж болохгүй асуудал. Хувьцаат компаниуд жил бүр хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж ногдол ашгаа тараах ёстой. СЗХ 2015 оноос хойш энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.

-Та түрүүн төрийн байгууллага гэдэг утгаараа компаниудыг нэр дурдахад хэцүү гэж ярьсан. Гэхдээ олонд ил өчнөөн асуудал бий. Жишээ нь Улсын их дэлгүүр байна. Түрээсээр асар их ашиг олж байж ногдол ашгаа өгдөггүй гэсэн гомдлыг хувьцаа эзэмшигчид нь тавьдаг. Ийм барим тавим асуудлыг шийдэх талд хэр анхаарч ажиллаж байгаа вэ?

-Өнгөрсөн жил гэхэд УИД-тэй нэлээд хэлэлцээр хийсэн. Хувьцаа эзэмшигчдийг хохироохгүй, ногдол ашгаа тарааж байх талаас нь зөвлөмжүүд өгсөн байгаа. Шийдвэрлэх хэмжээнд хүрсэн гэж бодож байна.

-Хэр өндөр ашигтайг нь шууд харчихаж болохоор ийм газар өдийг хүртэл хувьцаа эзэмшигчдэдээ ашиг хуваах тал дээр асуудал үүсгэсээр ирсэнгэхэд итгэмгүй санагддаг. Танд арай л санагддаггүй юу?

-Санагддаг. Гэхдээ гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг асуудлууд ч анзаарагддаг. Хувьцаа эзэмшигчид нь өөрсдөө гүйж очоод “Би танай түрээслэгч болъё. Хөнгөлж туслаач” гэж хандаад яриа хэлэлцээр хийчихдэг, дараа нь үүссэн жижиг сажиг асуудлаас үүдэж гомдол гаргадаг гэх мэт асуудал олон юм билээ. Энэ тохиолдолд иргэн хооронд асуудал үүсч байгаа биз. Тэгэхээр аливаа асуудлыг шууд харж, бүхнийг СЗХ мэддэг гэж хандах нь нэг талдаа өрөөсгөл хэрэг болчихож байгаа юм. Муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг сэтгэхүй иргэдэд суучихаад байна л даа. СЗХ юм чинь санхүүтэй холбоотой бүх асуудлыг зохицуулна гэж боддог. Гэвч бүх юм хууль дүрэм заавартай. Энэ утгаараа СЗХ ирсэн гомдол саналыг журмынх нь дагуу л шийддэг газар. Түүнээс биш аливаа аж ахуйн нэгж, иргэний бүх асуудал руу шууд дайраад ороод байх боломж ямар ч субьектэд байхгүй. Гэхдээ нэг эерэг мэссэж бий. Компаниуд хөрөнгийн зах зээл дээр нээлттэй ил тод сайн засаглалтай байвал хувьцаа гаргаж хямд санхүүжилт татах бололцоотой. Нээлттэй компанид л хөрөнгө оруулагчид буюу иргэд мөнгөө итгэж өгнө. Түүнээс биш бүх юмаа нуучихаад би 90 хувьтай, чи арван хувьтай бай гэвэл хэн ч хөрөнгө оруулахгүй. Харин компанийнхаа нийт хувьцааны 30 хувийг нийтэд арилжаалаад явцын дунд ахиад нэмж гаргая гэвэл хүмүүс сонирхоно. Энэ тохиолдолд “Над шиг олон хүн энэ компанийн хувьцаа эзэмшигч юм байна. Тийм учраас би хадгаламжин дахь мөнгөө ийш нь оруулъя. Энэ компани олон жилийн дараа өгөөж ашигтай ажиллаад эхлэхээр үр хүүхэд минь өндөр орлоготой амьдраг” гэсэн бодолтой хүмүүс олширно.

-Компаниудын хувьцаа эзэмшигчдээсээ ашгаа бултуулдаг “трэйдинг”-үүдийг өөрчилнө гэхээр тусдаа компанийн асуудал учраас мэдээж хэцүү. Гэхдээ хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа гэдэг утгаар СЗХ ямар нэг шийдэл, зөвлөмж өгөх ёстой байх аа?

-Мэдээж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийн асуудал яах аргагүй мөн. Энд ганц бодитой, хэрэгжиж болох гарц бий. Хувьцаа эзэмшигчид өөрсдөө санаачлагатай байх хэрэгтэй. Урт хугацаанд тухайн компанийн хувьцаа эзэмшигч байя гэж бодож байгаа бол жилд ганц удаа болдог хуралд нь маш идэвхтэй оролцох ёстой.

-Компаниуд хурлынхаа зарыг идэвхтэйгээр сурталчилж байж л хувьцаа эзэмшигчдэд хүрнэ. Гэтэл сонины жижигхэн зайд хүн харахааргүй газар тавьчихдаг шүү дээ?

-Яг зөв асуудал хөндлөө. Зарлаад байгаа хэлбэр, тавьдаг санхүүгийн тайлан нь бэлгэ тэмдэг төдий болсон нь үнэн. Наад асуудлыг чинь хорооны удирдлагын хэмжээнд өнгөрсөн жилийн эцсээр хөндөж яриад мэдэгдэл хүргүүлсэн.

-Иргэдийн хувьд цөөхөн хувьцаатай болохоор хувьцаа эзэмшигчдийн хурлыг зорьж очихгүй байгаа тал бас анзаарагддаг...?

-Цөөхөн хувь эзэмшдэг болохоор ийм харилцаа үүсдэггүй тал байгаа нь мөн л үнэн. Тийм учраас СЗХ-ноос компаниудад дор хаяж 30 хувиа арилжаал гэсэн шаардлага тавьж байгаа.

-Тэгэхээр шинээр хувьцаагаа арилжаалж байгаа компаниуд дор хаяж 30 хувийнхаа хувьцааг арилжаалах нь гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Бид цаашдаа ч энэ чигээ барина. Хамгийн багадаа 30 хувийн хувьцаагаа санал болго, тэгж байж хөрөнгө оруулагчдын эрх ашиг хамгаалагдаж, компани нээлттэй ил тод болно гэсэн бодлогыг хорооны зүгээс барьж байна.

-Сүүлд IPO гаргасан “Монгол базальт” дээр гэхэд л хувьцааных нь үнэ доошилчихлоо, зах зээлд үнийн хөөсрөл үүсгэж, хөрөнгө оруулагчдыг хохироох нь гэх мэтээр тайлбарлах боллоо. Энэ хэр бодитой тайлбар вэ?

-Тэгж бодохгүй байна. Олон улсад тухайн улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг ДНБ-нд хэдэн хувь эзэлж байгаагаар нь хэмждэг. Монгол улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн жилийн сүүлээр лДНБ-ий есөн хувийг эзэлсэн. Гэтэл хөрөнгийн зах зээл нь хөгжсөн улсуудын хувьд энэ харьцаа тэс өөр. Хөрөнгийн зах зээлийнх нь үнэлгээ ДНБ-ээс нь хэд дахин илүү үнэлгээтэй байдаг. Тэгэхээр хөөс гарч, хохирол хүлээх нь гэх мэт яриа бодитой биш мэдээлэл.

-Гадаадын нэг хөрөнгө оруулагчтай ярилцаж байхад “Танай хөрөнгийн зах зээл богино зайны, мэргэжлийн биш тоглогч олонтой” гэж байсан. Богино хугацаанд өндөр ашиг олох гэсэн хүсэлтэй хүмүүс ийм яриа гаргаад байна уу?

-Тантай санал нэг байна. Сүүлийн үед шинээр гарч байгаа хувьцаан дээр богино хугацаанд тоглолт хийх явдал их ажиглагдаж байна. Богино зайны тоглогчдын хувьд тэгж хэлэх эрхгүй хүмүүс. Өөрсдөө дүрмээ мэдээд богино зайнд тоглож байж олон нийтэд нөлөөлөхийн тулд худлаа сенсацлаж болохгүй. Зах зээлд сайнаар нөлөөлөх хандлага лав биш. Гэхдээ бид анализ хийж үзнэ. Ер нь хөрөнгийн зах зээлд цаашдаа өчнөөн боломж бий. Хүний хэрэгцээ шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд хөрөнгийн зах зээлээс хямд эх үүсвэр босгоосой гэж хүсэж байна. Хувьцааны үнийн өсөлт, уналт байдаг л асуудал. Юунаас болж өсч унаад байна вэ гэдгийг судалж үзэх ёстой. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх гэж мөнгө босгосон компанийн хувьд өгөөжөө харахын тулд дор хаяж нэг жил, түүнээс ч олон жил шаардагдана.

-СЗХ бидний төлөө хөдөлж өгөхгүй байна гэсэн шүүмжлэл давтамжтай сонсогддог. Энэ хэр бодитой шүүмжлэл бол. Хууль эрх зүйн орчноос болоод яах аргагүй хашигдаад байна уу?

-Би энэ албандаа хоёр жил ажиллаж байна. Анх ажлаа эхлэхэд “Хууль дүрэм нь хэрэг алга, боож хаагаад хэцүү байна” гэсэн хүмүүс их орж ирдэг байсан. Үнэхээр тийм юм болов уу гээд судлахаар хэцүү юм байдаггүй. Тухайн компани хууль эрх зүйн орчноо бүрэн дүүрэн бүтэн нэг эргээгүй гэсэн шалтгааныг л олж хардаг. Хуулийг дуустал нь ашиглаад, ургаж гарсан асуудал дээр нь дөрөөлөөд санаа оноо гаргавал өөр шүү дээ. Тэгэхгүйгээр дунд нь нэг жижиг уул тааралдангуут хормойгоо шуугаад байвал хэцүү.

-ТэгвэлСЗХ бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллахад хууль зүйн талаас ямар ч бэрхшээл, асуудал байхгүй гэж ойлгож болох уу?

-Би тэгж хэлэх гээгүй. Асуудал мэдээж бий. Хамгийн гол нь тухайн асуудлыг туршиж үзээд гарсан кейс дээр нь ийм байна гэж ярих хэрэгтэй. Ихэнх тохиолдолд жижиг сажиг асуудлаа давж чадаагүйнхээ төлөө бурууг гаднаас хайгаад байгаа анзаарагддаг. Тэр буруутан нь эзэн биегүй хууль болчихоод байна л даа.

-Гэхдээ СЗХ ямар нэг бодлогын юм гаргадаггүй, бүртгэсэн, зөвшөөрсөн гэх мэтээс хэтэрдэггүй гэсэн шүүмжлэл ортой л сонсогддог. Хууль зүйн талаас нь харахад хүчтэй ажиллаж болохоор газар гэж ойлголоо, зөв үү?

-Хууль зүйн хүрээнд хашигдсан боогдсон зүйл байхгүй. Хууль талаасаа эрхээ хэрэгжүүлээд ажиллах боломжтой газар гэж хардаг.

-Тэгвэл хүчгүй байлгах сонирхол байдаг юм биш үү?

-Тийм гэж шууд хэлэх аргагүй. Ор тас үгүйсгэх ч аргагүй. Зарим талаар санал нийлж байна.

-СЗХ хөрөнгийн зах зээлийн хөрөнгө оруулагчдын талд бүрэн ажиллаж шийдвэр гаргаж чадаж байгаа юу?

-Хамгийн түрүүнд хөрөнгө оруулагчаа буюу иргэдээ боддог нь бидний баримталдаг гол зарчим. Тэр утгаараа хувьцаагаа арилжаалах гэж хандсан компаниудад “Хөрөнгө оруулагч танд яагаад итгэх ёстой вэ” гэж асуудаг, тэр үүднээс танилцуулгыг нь нарийн нягталж судалсны эцэст шийдвэрээ гаргадаг. Хөрөнгийн зах зээл дээрээс олон нийтээс мөнгө татаж болох нь гэсэн хандлага илэрхий ажиглагдаж байна. Нөгөө талаас хөрөнгөө оруулаад өгөөж хүртэх боломж ч харагдаж байгаа.СЗХ-ны Үнэт цаасны газрын хувьд хүмүүсийн итгэл сэргэсэн нь сайшаалтай ч бодит байдал дээр чанарын өсөлт биш гэж дүгнэж байгаа. Юуны түрүүнд хувьцааны хөрвөх чадвар чухал. Компанийн хэдэн хувь нь олон нийтэд арилжаалагдаж байна вэ гэдэг маш чухал асуудал.

-Танайхаас IPO гаргах гэж байгаа компаниудад ямар шалгуур тавьдаг вэ?

-2013 онд шинэчлэн батлагдсан, 2014 оноос дагаж мөрдөгдөж эхэлсэн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар IPO хийх гэж байгаа компани үнэт цаасаа бүртгүүлэх хүсэлтээ Хороо болон биржид нэгэн зэрэг гаргах болох ба СЗХ-ны Үнэт цаасыг бүртгэх тухай журмын дагуу нарийвчилсан шалгуур, шаардлага тавигдана.Хорооны журмаарэхлээд биржүүдэд үнэт цаасаа бүртгүүлж, биржийн зүгээс болж байна гэвэлманайх руу дүгнэлтээ ирүүлдэг. Тэр үед нь бид компанийн танилцуулгыг үзэж эхэлдэг. 2013 оноос өмнө манайх эхлээд танилцдаг байсан юм. Энгийнээр хэлбэл бирж бол дэлгүүр. Ирсэн барааг зарахад анхаардаг газар гэсэн үг. Эцсийн хариуцлагыг бирж биш үнэт цаасны танилцуулгыг хийсэн андеррайтер, адуит, хууль, үнэлгээний компани, СЗХ хариуцдаг гэдэг утгаараа бараа хэр чанартайг СЗХ шийддэг.

-Тэгвэл танайхаар эхэлж явдаг зарчим нь зөв байж дээ?

-Уг нь тийм. Гэхдээ эцсийн шийдвэрийг манайх гаргаж байгаа нь хэвээрээ. Сая гэхэд хоёр ч компани биржээс зөвшөөрөл аваад ирсэн. Материалыг нь үзэхээрнэг нь компанийн нийт хувьцааныхаа 15 хувийг гаргана гэсэн байсан л даа. Нийтэд 25, 30 түүнээс дээш хувиа санал болгож байж компанийн засаглалын нээлттэй, ил тод байдал сайжирдаг гэсэн олон улсын байгууллагын зөвлөмж бий. Бид энэ мэт үндэслэл хэлж буцаасан. Гурван сарын дараа бүх материалаа шинэчлээд 30 хувиа заръя гээд орж ирэх жишээний.

-Хувьцаа худалдаж авсан хөрөнгө оруулагч хохирвол яах вэ. IPO шинээр гаргасан компаниуд Хөрөнгийн зах зээл дээр байдаг компаниуд шиг дэргэдээ трейдинг компани байгуулаад хамаг ашгаа хийгээд явах эрсдэл бий юу?

-Шинээр IPO гаргаж байгаа компаниуд явуулах үйл ажиллагаа, олох ашиг, хүртээх ногдол ашиг гэх мэт нарийн тоонуудыг хугацаатай нь товлосон бизнес төлөвлөгөөтэй орж ирдэг. Манайхаас тэр бүхэнтэй нь танилцаад арилжаалах зөвшөөрөл өглөө гээд тогтоол гаргадаг юм. Тэр тогтоол дээр бүгдийг нь нэг бүрчлэн үүрэгжүүлж, хүлээх хариуцлагуудыг нь зааж өгч байгаа.

Ярилцсан Ц.Баасансүрэн

Эх сурвалж: Өдрийн сонин. 2018.06.14 №121 (5964)