Нэмэгдсэн: 2018-06-08 07:17:00

Санхүүгийн зохицуулах хорооноос улсын хэмжээнд зохион байгуулж буй “Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хуулийн өөрчлөлт, зохицуулалтыг таниулах сургалтад өнөөдөр даатгалын салбарын компаниудын удирдах албан тушаалтан, мэргэжилтнүүд хамрагдлаа. Сургалтаар тус салбарынханд мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, хэрхэн сэргийлэх арга хэлбэрүүд болон хүлээлгэх үүрэг хариуцлагын талаар хуулийн шинэчилсэн заалтуудын хамт хэлж өгсөн юм. Мөн Даатгалын компаниуд энэ төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс дотоод хяналтаа сайжруулах, тогтмол сургалт явуулах, комплаенсийн ажилтан томилж ажиллуулах юм уу, нэгж байгуулах шаардлагатайг хөндлөө.

Хорооны Даатгалын газрын дарга М.Өлзийбат сургалтын үеэр мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрх зүйн орчныг сайжруулж, саарал жагсаалтад орохгүй байх нь улсын хэмжээний санхүүгийн зах зээлийн нэн чухал асуудал болоод байгааг онцолж, хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой ач холбогдол өгч, идэвхитэй ажиллахыг салбарынхандаа хүслээ. Мөн байгууллагуудад комплаенсийн ажилтныг даруй сургах, зохицуулалтын журмаа батлуулах, харилцагчаа таньж мэдэх болон НҮБ-ээс хориг тогтоосон улс орны харилцагчидтай холбогдохгүй байх, мэдсэн тохиолдолд даруй санхүүгийн мэдээллийн албанд мэдээллээ өгч байхыг тэрээр сануулаад, эдгээрийг хангаагүй тохиолдолд хууль зөрчсөн гэж үзэж хариуцлага хүлээлгэхийн зэрэгцээ тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулсан юм.

Сургалтад хамрагдсан оролцогчид гадаад дахь харилцагчийг таньж мэдэхэд хамгийн хүндрэлтэй байдгийг дурдаад сэжигтэй гүйлгээг мэдээлснээр харилцагчид нь ямар нэг санхүүгийн саад учирсан тохиолдолд байгууллагад эргээд ямар нэг хариуцлага хүлээлгэх эрх зүйн заалттай эсэхийг лавлаж байсан юм. Гэвч хуулиндаа сэжигтэй гүйлгээг Монголбанкны санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй гэж заасан тул ямар нэг хариуцлага хүлээхгүй. Хороо 2018 онд зохицуулалттай байгууллагууддаа мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах бол 2019 оноос хяналт тавьж, шалгалт явуулна гэдгээ өнөөдрийн сургалтын төгсгөлд онцолсон юм.