Нэмэгдсэн: 2018-06-07 04:47:00

Санхүүгийн зохицуулах хороо “Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор зохицуулалттай байгууллагууддаа уг хуулийг таниулан сурталчлах, энэ төрлийн гэмт халдлагаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалтуудыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Хороо Монголын Хадгаламж, зээлийн хоршоодын Үндэсний холбоо (МХЗХҮХ)-той хамтран нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-дод “Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй хэрхэн тэмцэх тухай” сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар Хорооны мэргэжилтнүүд хоршоодод мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх гэж юу болох, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, мөнгө угаахтай холбоотой шуугиан тарьсан гэмт хэргүүд болон өндөр эрсдэлтэй улс орнууд, хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх үүрэг хариуцлагын талаарх ерөнхий ойлголтыг өгсөн юм. Түүнчлэн санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий комплаенсын ажилтан, нэгжийг санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаандаа шинээр нэвтрүүлж ажиллахаар болсон, комплаенсын ажилтны үүрэг хариуцлага, тавигдах шаардлагад салбараа сайн мэддэг туршлагатай ажилтан байх зэрэг шалгуурыг танилцуулсны зэрэгцээ хоршоод байгууллагын дотоод хяналтаараа харилцагчийг таньж мэдэх, сэжигтэй гүйлгээг илрүүлж, тайлангаа санхүүгийн мэдээллийн албанд өгч, эрсдлээс хамгаалах гэх зэрэг өргөн хүрээний агуулга бүхий цогц сургалтыг зохион явууллаа.

ХЗХ-дын сургалтад оролцогчид энэ үеэр манай улсаас хол хөндий мэт сонсогддог байсан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт бид санхүүгийн гүйлгээ, мөнгөн гуйвуулгаар дамжин гэмт хэрэгт хамааралтай болох эрсдэл тун ойр байгааг мэдэж авч, сэжигтэй гүйлгээг хэрхэн хянах талаар болон комплаенсын ажилтан нэгж нэвтрүүлэх талаар илүү нарийн тодорхой болгосон зөвлөмж хэрэгтэй байгаа талаар ярьж байв.

“Арвижих их наяд” ХЗХ-ны гүйцэтгэх захирал Д.Эрдэнэтуяа

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гээч юм манай улсад юу гэж байх вэ дээ гэж л боддог байлаа. Гэтэл тийм биш юм байна. Сургалтаар бид бүгд санамсаргүй байдлаар санхүүгийн гүйлгээгээр дамжаад ийм гэмт хэрэгт хамааралтай болчих эрсдэл ойрхон байгааг анзаарлаа. Мөн ХЗХ-д гүйлгээ болгон дээрээ анхааралтай байж харилцагчаа судлах шаардлагатай гэдгийг сануулж өглөө. Гэхдээ хоршоодын хувьд гишүүдээс орж ирж байгаа гүйлгээ бүрийг хаанаас, ямар шугамаар яаж оров ирэв гээд хардаж сэжиглэсэн байдлаар лавлаад байх нь нэг талдаа хэцүү. Тиймээс Хорооноос хоршоодын өдөр тутмын үйл ажиллагаанд тохиолдож болох гаднаас орж ирж байгаа гүйлгээг хэрхэн хянах ч гэдэг юм уу, элдэв эрсдэлүүдийг илүү тодорхой нарийн зааварлаад өгчихвөл гишүүддээ сургахад зүгээр гэсэн саналтай байна.

“Гэмбл” ХЗХ-ны зээлийн ажилтан Б.Төрболд

Манай байгууллага нийт активын хэмжээ өндөр биш жижиг хоршоо учраас нэгж байгуулан ажиллахгүйгээр дотоод нөөц боломжоо ашиглан комплаенсын ажилтны үүргийг удирдлагын аль нэг нь давхар хашина гэж бодож байна. Ингэхдээ цаашид гишүүдээ маш сайн судалж оруулах хэрэгтэй юм байна. Комплаенсын ажилтныг ажиллуулах тухайд журмаа илүү тодорхой болгох хэрэгтэй гэсэн саналтай байна. Тухайлбал хоршооны нийт хөрөнгийн болон хадгаламжийн хэмжээ тэдээс дээш тохиолдолд гэдэг ч юмуу хэмжээг нь тодорхой болгон зааж өгөх хэрэгтэй болов уу.