Нэмэгдсэн: 2018-06-04 03:14:00

Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, санхүүгийн түрээс /лизинг/-ийн компани, төрийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран Монголбанкны мэдээллийн санд зээлийн мэдээллийг тогтмол өгөхөөр “Зээлийн мэдээллийн тухай” хуульд заасан. Өөрөөр хэлбэл, Зээлийн мэдээллийн сан (ЗМС)-г Монголбанк эрхлэн хэрэгжүүлэхээр хуульчилсан. Энэ нь зээл олгогч байгууллагуудын зээлийн эрсдэлийг бууруулах, улмаар санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилготой.

Дээр дурдсан зээл олгогч байгууллагууд Монголбанктай гэрээ байгуулан ЗМС-д мэдээлэл нийлүүлэх болон авах эрхээ авдаг. ЗМС-д холбогдсоноор зээлийн эрсдэлийг бууруулах, хоршооны гишүүн банк болон ББСБ, бусад санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байвал зээл олгохоос татгалзах, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ)-д зээлийн мэдээллийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу ЗМС-тай гэрээ байгуулан ажилладаг боловч мэдээлэл тогтмол солилцох ажил хангалтгүй байна. Иймд Хорооноос “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн 2018 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу зээлийн мэдээллийн санд хоршоодыг хамруулахаар ажиллаж байна. Үүний хүрээнд зээлийн мэдээллийн санд холбогдон ажиллахад шаардлагатай зүйлсийн талаар хоршоодод мэдээллийг хүргүүллээ. Эдгээрт доорх шаардлагууд багтаж байна.

Техникийн шаардлага

  1. Интернэтэд холбогдсон компьютертэй байна.
  2. Real IP /гадаад гарцууд руу холбогдоход ашигладаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сүлжээний хаяг байх бөгөөд уг хаягийг интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниасаа авна/ хаягтай байна.

ЗМС-нд холбогдох

  1. Microfinance програм болон програмын гарын авлагыг Хорооны www.frc.gov.mn цахим хуудаснаас татаж авна.
  2. Хороонд хүсэлт гаргана.
  3. ЗМС-гийн ажилтантай холбогдон /323298-Төрбат/ гэрээ байгуулж, нэвтрэх нэр, нууц үг авна.

ЗМС-гаас мэдээлэл авах

  1. ХЗХ-д итгэмжлэгдсэн ажилтнаа томилно.
  2. Зээлийн мэдээллийн санд зээлдэгчдийн талаарх мэдээллийг тухай бүр нийлүүлж, зээл төлөгдсөн даруйд мэдээллийг оруулах.
  3. Зээлийн мэдээллийн сангаас авсан зээлдэгчдийн мэдээллийн талаарх бүртгэл хөтөлж, мэдээллийг зөвхөн албан ажлын хэрэгцээнд ашиглах ба мэдээллийн нууцлалыг хамгаална.