Нэмэгдсэн: 2018-05-24 04:53:00

Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-ны салбарын нийт актив энэ оны нэгдүгээр улирлын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39.0 тэрбум төгрөгөөр буюу 32.1 хувиар өсч, 160.8 тэрбум төгрөг болсон байна. Энэ нь сүүлийн зургаан жилд анх удаа 30-аас дээш хувиар өссөн үзүүлэлт юм.

ХЗХ-дын нийт зээлийн багц 117.9 тэрбум төгрөг байгаа нь активын 73.3 хувь болж байгаа бол татан төвлөрүүлсэн хадгаламжийн нийт үлдэгдэл 108.0 тэрбум төгрөг байгаа нь нийт эх үүсвэрийн 67.2 хувийг бүрдүүлж байна. Өнгөрсөн онуудтай харьцуулахад хадгаламжийн хэмжээ хамгийн өндөр буюу 44.7 хувийн өсөлттэй байгаа бөгөөд 96.8 хувь нь хугацаатай, 3.2 хувь хугацаагүй хадгаламж байна. Харин хувь хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум төгрөгөөр буюу 9.9 хувиар өсч, гишүүдийн тоо 9,741-ээр нэмэгдэн 57,659 боллоо.

Хоршоодын нийт орлого энэ улиралд 40.8 хувиар, нийт зардал 44.2 хувиар тус тус өссөнөөс шалтгаалан цэвэр орлого 0.5 тэрбум төгрөг болж 2017 оны нэгдүгээр улирлынхаас 4.4 хувиар буурчээ.