Нэмэгдсэн: 2018-05-21 10:32:00

Архангай аймаг

Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа санхүүгийн байгууллага, аж ахуйн ахуйн нэгжүүдэд хууль тогтоомж, зохицуулалтын дүрэм журам, олон улсад мөрдөгдөж байгаа стандартын талаар гүнзгийрүүлэн таниулах, үүний дотор “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” Монгол Улсын хууль, уг хуулиар зохицуулсан харилцаа, түүний шинэчлэлт, өөрчлөлтийн талаар ойлголт өгөх Санхүүгийн зохицуулах хорооны бүсчилсэн сургалт өнөөдөр эхэллээ.

Дундговь аймаг

Зүүн, Говийн, Хойд, Баруун, Хангайн бүсийн аймаг тус бүрт хийх сургалтын үйл ажиллагаа Хэнтий, Дундговь, Сэлэнгэ, Говь-Алтай, Архангай аймгуудад өнөөдөр нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд энэ сарын 31 хүртэл бүх 21 аймагт явагдана. Аймаг, сумдад ажиллаж, хөдөөгийн хүн амд санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй банк бус санхүүгийн байгууллагууд, хадгаламж, зээлийн хоршоод, үнэт цаасны болон даатгалын компаниуд, тэдгээрийн салбарууд, даатгалын зуучлагчийн болон хохирол үнэлэгч байгууллагууд сургалтад хамрагдахын зэрэгцээ салбарын эрсдэлийг үнэлэх судалгаанд оролцоно.

Говь-Алтай аймаг

Хорооны сургалтын Ажлын хэсгүүд орон нутгийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааны тухай ерөнхий ойлголт, түүний хор уршгийн талаар тайлбарлан таниулахын зэрэгцээ энэ төрлийн санхүүгийн гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах Монгол Улсын тогтолцооны талаар зааж сургах юм. Мөн уг тогтолцоог хэрэгжүүлэгч байгууллагууд, үүний дотор мэдээлэх үүрэгтэй хуулийн этгээд, тэдний заавал биелүүлэх үүрэг хариуцлага болон тус этгээдтйн удирдлага, комплаенсын ажилтан, бусад ажилтнуудын хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа зэрэг өргөн хүрээтэй сэдэв сургалтын агуулгад багтаж байгаа юм.

Хэнтий аймаг

Сургалтын хүрээнд Ажлын хэсгүүд орон нутагт ажиллаж байгаа зохицуулалтын байгууллагуудад санхүүгийн эрсдэлийн үнэлгээг чанарын болон тоон үзүүлэлтээр хийх юм. Чанарын үнэлгээ нь тухайн байгууллагын мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг байгууллагын засаглал, дүрэм журам, эрсдэлийн менежмент, дотоод хяналт, аудит, комплеанс, сургалт, хүний нөөц, тайлагнал гэсэн асуултуудаар үнэлнэ. Харин тоон үнэлгээ нь тухайн байгууллагатай холбоотой үйл ажиллагаа явуулсан жил, эзэмшлийн хэлбэр зэрэг тоон мэдээлэл, мөн эрхэлж буй үйл ажиллагааны эрсдэл буюу хэрэглэгчийн, бүтээгдэхүүн үйлчилгээний, хүргэлтийн сувгийн, газар зүйн байршлын гэх мэт эрсдэлүүдийг үнэлэх юм.

Сэлэнгэ аймаг