Нэмэгдсэн: 2018-03-16 13:28:00

Хөрөнгийн зах зээлд ажиллаж, хөрөнгө оруулж буй хүмүүсийн туршлага, мэдлэгийг олон нийтэд хүргэх, судлаачдын судалгаа, шинжилгээ хийх хүсэл сонирхлыг дэмжих, идэвхжүүлэх, энэ зах зээлд оролцох боломжууд, хүртэх өгөөж, эрсдэлийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо “FRC PLUS: Investment” илтгэлийн уралдааныг зарлаж байна.

Уралдаанд оролцогчдод нас, хүйс, мэргэжил, боловсролын ямар ч шалгуур тавихгүй бөгөөд хүссэн хэн бүхэн “Хөрөнгө оруулалтын эрсдэл ба өгөөж”, “FinTech-Хөгжил” гэсэн хоёр сэдвээс сонгож, өөрийн мэдлэг, туршлага, илтгэх ур чадвараараа өрсөлдөх боломжтой.

Гурван үе шаттайгаар зохион байгуулагдах уралдааны эхний шатанд оролцогчид илтгэлийнхээ хураангуйг, хоёрдугаар шатанд дэлгэрэнгүй илтгэлээ танилцуулах бөгөөд эдгээр шатнаас шалгарсан оролцогчид FRC PLUS-ын тайзнаа гарах эрхтэй болох юм. Гурав дахь буюу урнаар илтгэх, яруу илэрхийлэхийн үе шатны шалгаруулалтыг дүрс бичлэгт буулган Хорооны цахим хуудсанд байршуулна.

Хороо цаашид санхүүгийн зах зээлийг таниулах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, шинээр нэвтэрч буй технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, хүртэх өгөөж, хүлээх эрсдэл, хөгжлийн шинэ санаачилгыг дэлгэрүүлэх үүднээс FRC PLUS-ыг цувралаар зарлан явуулж байх юм.