Нэмэгдсэн: 2018-05-08 12:47:00

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн Будапешт хотноо өчигдөр эхэлсэн Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага (ҮЦХОУБ, IOSCO)-ын 43 дугаар чуулганд оролцож байна. Энэ жилийн чуулган санхүү, хөрөнгийн зах зээлд сүүлийн жилүүдэд хүч түрэн орж ирж буй цахим валют, цахим санхүүгийн хэрэгслийн хөгжлийн хандлага, түүний эрсдэл, зохицуулалт болон мэдээллийн технологи, хиймэл оюун ухаанд суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар онцгойлон авч үзэж байгаагаараа онцлог болж байна.

Чуулганд ҮЦХОУБ-ын гишүүн хороодын бодлого боловсруулах, удирдах түвшний төлөөлөгчид, үнэт цаас, санхүүгийн мэргэжлийн экспертүүд, мэргэжилтнүүд оролцож, бодлогын шийдлүүд бүхий зөвлөмж гаргадаг бөгөөд Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөгчид энэ удаагийн чуулганд хөрөнгийн зах зээлд тулгамдаж буй асуудлуудыг танилцуулж, финтекийн орчны төлөв байдлыг хэлэлцүүлэн, зөвлөмж гаргуулахаар ажиллаж байна.

Хорооны дарга С.Даваасүрэн чуулганы үеэр ҮЦХОУБ-ын Ерөнхийлөгчийн зөвлөлийн хуралдаан, Ази-Номхон далайн бүсийн болон Хөгжиж буй зах зээлийн хороодын хуралдаан, мөн “Санхүүгийн үйлчилгээний ирээдүй: Хиймэл оюун ухаан”, “Крипто валют ба цахим мөнгө нийтэд санал болгох нь: Зах зээлийн хандлага, эрсдэл, зохицуулалтын арга хэмжээ”, “Биржээр арилжаалдаг сан: Санхүүгийн хэрэгсэл” сэдэвт салбар хуралдаанд оролцох юм.