Нэмэгдсэн: 2018-05-04 12:10:00

Санхүүгийн зохицуулах хороо одоо мөрдөгдөж буй 2011 онд батлагдсан Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж эхэллээ. Хоршоодын хөгжлийг дэмжих, засаглалыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байгаа юм.

Хууль тогтоомжийн тухай хуульд шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн байхаар заасны дагуу Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн хэрэгжилт, энэ явцад гарч байгаа хүндрэл, бэрхшээл, мөн ололттой, сайн тал, нийгэмд үзүүлж буй эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлох учиртай байдаг.

Үүний хүрээнд Хороо хүчин төгөлдөр хуулийн хэрэгжилт, түүнийг хэрхэн сайжруулж боловсронгуй болгох талаар болон Хадгаламж зээлийн хоршооны зах зээлийг хэрхэн хөгжүүлэх, хоршоодын үйлчилгээний чанар, хүртээмжийг тэлэх, иргэдийн хөрөнгө, санхүүгээрээ эвлэлдэн нэгдэх боломжийг дэмжихэд шаардлагатай ямар бодлогын зохицуулалтыг хуульчлах талаар иргэд, олон нийтийн санал, зөвлөгөөг авч байна.

Саналыг ирэх зургадугаар сарын 5 хүртэл davaajav@frc.mn цахим хаяг, 70117098 дугаарын утсаар өнөөдрөөс эхлэн нээлттэй авах бөгөөд нийт хоршоологчид, хадгаламж, зээлийн хоршооны салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчид, ажилтан, албан хаагч нар, гишүүд болон харилцагч, иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. Салбарын хөгжил дэвшлийн бололуоог хангах, бизнесийн орчныг эрүүл саруул болгоход чиглэсэн ажил хэрэгч саналаа Хорооны байранд биеэр авчирч өгсөн ч болно.