Нэмэгдсэн: 2018-05-03 11:23:00

УИХ-ын Эдийн засгийн Байнгын хороо (ЭЗБХ)-ны өчигдрийн (2018.05.02) хуралдаанд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн байгууллагынхаа 2017 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Хорооны зохицуулалттай этгээдийн тоо 2013 оноос хойш 2.6 дахин өсч 2017 оны байдлаар 2,125 болжээ. Энэ нь Хорооны үйл ажиллагаа, бодлого зохицуулалтын цар хүрээ ихээхэн тэлснийг илтгэж буй бөгөөд харин байгууллагын хүчин чадал, зардал санхүү энэ хэрээр нэмэгдээгүй нь бэрхшээл учруулж буй юм.

Өнгөрсөн 2017 онд банкнаас бусад санхүүгийн салбарууд жигд өсөлттэй ажилласныг Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн онцоллоо. Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-ны салбарын нийт хөрөнгө 35.4 хувиар өсч, 153.1 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнтэй зэрэгцэн хадгаламжийн хэмжээ 100 тэрбум төгрөгт дөхсөн гэдгийг тэрбээр мэдээллээ. Ашгийн хэмжээ нь 2016 онтой харьцуулахад 42.4 хувиар өсч 5.5 тэрбум төгрөг болсон байна. ХЗХ-дын тоо 2016 оны мөн үетэй харьцуулахад 3.6 хувиар өсөж нийт 290 хоршоо тусгай зөвшөөрөлтэйгөөр төслийн санхүүжилтийг дамжуулан зээлдүүлэх үйлчилгээ, санхүүгийн түрээсийн үйлчилгээ, даатгалын төлөөлөгчийн үйлчилгээ, цахим төлбөр тооцооны төлөөлөгчийн үйлчилгээ, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, хуримтлалын сан үүсгэх, удирдах зэрэг санхүүгийн бусад үйлчилгээг нэмэлт зөвшөөрөл, зохицуулалтын хүрээнд хүргэж үйлчилж байгаа юм байна. Гишүүдийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад 20.4 хувиар буюу 55,624-т хүрчээ. Зээлдэгчийн тоо 25.7 хувь, хадгаламж эзэмшигчийн хувь 43 хувиар өссөн байна. Бүх аймагт хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2017 онд улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээ өмнөх оноос 28.2 хувиар өсч 859 сая төгрөг болжээ.

Даатгалын зах зээлийн нийт хөрөнгө 250 тэрбум төгрөгт хүрсэн бол нөөц сан 118.1 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнтэй зэрэгцээд хураамжийн орлого, нөхөн төлбөр, болон давхар даатгалын хураамжийн үйл явц өссөн дүнтэй байгааг С.Даваасүрэн дарга танилцууллаа. Даатгуулагч иргэдийн тоо 48 мянгаар өссөн бол 26 шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн гарчээ. Энэ салбараас улсын төсөвт 3.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.

Бичил, жижиг, дунд, өрхийн бизнес эрхлэгчдэд зээл, валют арилжаа, итгэлцэл, факторинг, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, төлбөрийн баталгаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх, богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, төлбөр тооцооны хэрэгсэл гаргах зэрэг санхүүгийн үйлчилгээг тусгай зөвшөөрөл, зохицуулалтын хүрээнд хүргэж үйлчилдэг Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-уудын тоо 2017 оны жилийн эцэст 534 болж өмнөх оны мөн үеэс 3.1 хувиар өссөн аж. Салбарын нийт хөрөнгө 969.2 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 23.1 хувиар буюу 182.0 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд зээлийн сарын жигнэсэн дундаж хүү өмнөх оноос 0.6 пунктээр буурч 3.4 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна гэв. Дүрмийн сан өссөн, өргөжилтийн үр өгөөжөөс үүдэн ажиллагсдын тоо 400 орчмоор нэмэгдсэн байна. Аймаг бүрт ББСБ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2016 оны үзүүлэлттэй харьцуулахад зээлдэгчдийн тоо 61.7 хувиар, харилцагчийн тоо 150 хувиар өссөн дүн гарчээ. 11.2 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн гэлээ. 2017 оны жилийн эцсийн байдлаар зах зээлийн нийт үнэлгээ 2.4 их наяд төгрөгт хүрсэн нь улсын хэмжээнд эдийн засгийн өсөлт хамгийн өндөр гарсан 2011 оны түвшнээс 271.6 тэрбум төгрөгөөр давсан үзүүлэлт болж байна.

2017 онд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж буй 52 компани мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа боловч хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ өссөн дүнтэй байгааг тайланд дурдав. Зах зээлийн үнэлгээ өссөнтэй холбоотойгоор тайлант хугацаанд Т0П-20 индекс өмнөх оны мөн өссөн, арилжаанд оролцож буй хувьцаат компанийн тоо 2016 онд 82 байсан бол 2017 онд 108 болсон байна. Тайланд онд “Ай түүлс”, “Анд Энерги" компаниуд шинээр IPO гаргасан бөгөөд тус бүрийн захиалга 1.5-аас гурав дахин давж биелсэн бөгөөд татвар хураамжийн дараах цэвэр ашиг, борлуулалтын орлогын хувьд эдгээр компанийн эргэлтийн хөрөнгө өссөн дүнтэй байгаа, богино хугацаат өр төлбөрийн хувьд ч нэлээд эерэг үзүүлэлттэй байгаа гэдгийг хэллээ. Ноогдол ашиг тараасан компанийн тоонд өөрчлөлт ороогүй хэдий ч 2016 онд 14.6 тэрбум төгрөг тарааж байсан бол энэ үзүүлэлт 367 хувиар өсч 2017 онд 68.3 тэрбум төгрөгт хүрчээ. хувь, хэмжээ нэлээд хэмжээгээр өссөн гэлээ. Үнэт цаасны зах зээл дээр 2016-2017 онд 20 орчим мянган хүн шинээр данс нээлгэсэн, ипотекийн зээлдэгчдийн тоо 27 орчим хувиар өссөн гэдгийг С.Даваасүрэн дарга тайлагналаа. Үргэлжлүүлэн тэрбээр Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй тайланг танилцуулсан.

Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэх, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Болорчулуун танилцууллаа. Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, хорооны 2017 оны үйл ажиллагааны тайлан, Байнгын хорооны 2017 оны 16 дугаар тогтоолын хэрэгжилттэй танилцаад дараах асуудлаар чиглэл өгөх нь зүйтэй хэмээн үзжээ.

  1. Банкнаас бусад санхүүгийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл болон Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт заасан хууль тогтоомжийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах
  2. Банкнаас бусад санхүүгийн салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг орон нутагт шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах, түүнд шаардлагатай төсөв, тооцоог хийж улсын төсөвт тусгуулах
  3. Эрсдэлд суурилсан хяналт шалтгалтын тогтолцоонд шилжих, хөрөнгийн хүрэлцээт байдал, төлбөрийн чадвар, нөөц санг тооцох аргачлалыг боловсронгуй болгох, өөрийн эрсдэл болон төлбөрийн чадварыг үнэлэх, банкнаас бусад санхүүгийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн сангийн тогтолцоог бүрдүүлэх
  4. Блокчейн технологи, криптовалютын талаар олон улсад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, зохицуулалтын талаар судалж, зохицуулалтын арга хэлбэрийн талаарх саналаа холбогдох байгууллагатай хамтран боловсруулах
  5. Гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан Монгол Улсын компаниудын талаархи шаардлагатай мэдээллийг авах чиглэлээр гадаад улсын зохицуулагч байгууллага болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах зэргийг тусгасан шийдвэрийн төслийг боловсруулжээ.

Танилцуулгуудтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, М.Оюунчимэг, Б.Дэлгэрсайхан, Б.Баттөмөр, Д.Тэрбишдагва нар тодруулга хийж, ажлын хэсгээс хариулт авсан. Шинээр байгуулагдаж буй ББСБ-ын дүрмийн санг цаашид нь үе шаттайгаар нэмэгдүүлэх, мөн арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг бууруулах чиглэлээр бодитой ажил хийх, санхүүгийн зах зээлийг идэвхжүүлэх, технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийхтэй холбоотой саналуудыг гишүүд хэллээ. Хуралдааны явцад гишүүдээс гаргасан тодорхой саналуудыг чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолд тусган тогтоолыг батлах санал хураалт явуулахад гишүүдийн 69.2 хувь нь дэмжив.

Энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын даргын 2018 оны 60 дугаар захирамжаар байгуулагдсан шалгалтын ажлын хэсгийн мэдээллийг сонссон бөгөөд тус мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн юм.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Гэрэл зургийг: Г.Эрдэнэтуяа