Нэмэгдсэн: 2018-04-27 15:39:00

“FRC Plus: Investment” уралдааны дүн гарлаа.

Санхүүгийн салбарын эрдэмтэн судлаачдын идэвхийг өрнүүлэх, зах зээлд оролцогчдод туршлага, мэдлэгээ олон нийттэй хуваалцах боломжийг олгож, улмаар иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо “FRC Plus” илтгэлийн уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон билээ.

Цуврал уралдааны эхнийх Investment буюу хөрөнгө оруулалт сэдвийн хүрээнд болж, өнөөдөр эцсийн шалгаруулалтаа хийлээ. Нас, хүйс, мэргэжил, боловсрол харгалзахгүй, оролцох сонирхолтой хүн бүхэнд нээлттэй зарласан энэхүү уралдаанд Алтайн өвөр говийн сумын багш, Эрдэнэт хотын өндөр настан, 61 настай металлургийн инженер, 19 настай оюутан зэрэг хот, хөдөөгийн 20 орчим оролцогч илтгэлээ ирүүлж өрсөлдөв.

Гурван үе шаттайгаар зохион байгуулагдсан уралдааны эцсийн шатанд шалгаран үлдсэн зургаан илтгэгч өнөөдөр FRC Plus-ын тайзнаа үзэгчдийн өмнө илтгэх ур чадвараараа тэмцэлдсэнээс “Нэг Монгол” ТББ-ын судлаач А.Нинжин “Санхүүгийн технологийн хөгжил, олон улсын туршлага” илтгэлээрээ тэргүүн байр эзэллээ. Дэд байрт “Мандал даатгал” ХХК-ийн шинжээч Г.Отгонбаяр “Эрсдэлгүй сэтгэлзүй” илтгэлээрээ, гутгаар байрт “ХААН” банкны мэргэжилтэн Б.Цэнгэл “Хөрөнгийн зах зээл дэх FinTech хөгжил дэвшил: Одоо, Ирээдүй” илтгэлээрээ шалгарлаа.

Залуу судлаач А.Нинжин илтгэлдээ финтек буюу санхүүгийн технологийн салбарт гарч буй олон улсын шилдэг туршлагуудаас танилцуулж, мэдээллийнн технололгид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааг хянан зохицуулж буй регтекийн шийдлүүдийн давуу болон сул тал, боломж, хандлагыг харьцуулан дурдсанаараа онцлог байлаа. Санхүүгийн зохицуулалтын тэргүүлэгч технологи гэгдэж буй sandbox концепциудыг жишиж, Монголын нөхцөлд хэрэглэх боломж, нутагшуулан хөгжүүлэх бололцоог эрэлхийлсэн нь түүний илтгэлийг илүүтэй бүтээлч болгож байсан юм.