Нэмэгдсэн: 2018-04-24 15:49:00

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Ариунаатай ярилцлаа.

Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй. МУИС-ийн ЭЗС-ийг Эдийн засагч мэргэжлээр 2003 онд төгссөн, Австралийн Сиднейн их сургуулийн Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй /2011/.

2003-2005 онд Эрүүл мэндийн яамны харъяа Эмнэлгийн тусламжийг удирдах газарт эдийн засагч, 2005-2015 онд ШӨХТГ-т мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын дарга, зөвлөх, 2012 онд Мянганы сорилтын санд зөвлөх, 2015-2016 онд Аж үйлдвэрийн яаманд эдийн засагчаар ажиллаж байсан.

Б.Ариунаа нь 2016 оноос эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргаар ажиллаж байна.

-Монгол Улсад санхүүгийн хэрэглэгчийн эрх ашиг хэр хамгаалагдаж байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хэн хамгаалах вэ гэдэг асуудал бий. Энэ талаар Азийн хөгжлийн банкны судалгаа ч хийгдсэн. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд банкнаас бусад санхүүгийн салбарын хэрэглэгчийн эрхийг Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/ хамгаалахаар зохицуулагдсан байдаг. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар тус хорооны үндсэн чиг үүрэг нь хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалах явдал. Тэгэхээр Монгол Улсад банкнаас бусад санхүүгийн салбарын хэрэглэгчийн эрхийг Санхүүгийн зохицуулах хороо хариуцаж байна.

-Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох газруудад хяналт шалгалтын ажиллагаа хэрхэн явуулж байна. Иргэдээс эрх ашиг зөрчигдсөн талаарх гомдол маргаан хэр ирдэг вэ?

-Манай хорооны бүтэц дотор хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалах нэгж ажилладаг. Энэ нэгж нь хэрэглэгч, үйлчлүүлэгчээс нэг үгээр бол хөрөнгө оруулагч үйлчлүүлэгчээс ирүүлж байгаа гомдол маргааныг хүлээн авч холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж хариу өгч байна. Сүүлийн жилүүдэд өргөдөл гомдлын тоо жил тутамд өсөх хандлагатай байгаа ч өнгөрсөн жилийн хувьд  харьцангуй буурсан. Буурсан шалтгаан нь  манайд хандсан өргөдөл, гомдлыг манайд хамаарах эсэхээр нь ялгах, гомдол үүсэх нөхцөл байдлыг дор нь шийдвэрлэх, танин мэдэхүйн шинжтэй асуудлыг нь тайлбарлах, зөвлөгөө өгөх байдлаар ажилласантай холбоотой. Үүнтэй холбоотойгоор өргөдөл, гомдлын тоо буурч байна.

Танай байгууллагад хандсан гомдол, маргааныг ангилж үзвэл аль төрлийн үйлчилгээн дээр илүүтэй асуудал үүсдэг юм бол?

-Өнгөрсөн 2017 онд манайд 270 орчим өргөдөл гомдол ирсэн байна. Үүний дийлэнх буюу 54 хувь нь даатгалтай холбоотой гомдол байгаа бол үнэт цаастай холбоотой өргөдөл гомдол 30 орчим хувийг, үлдсэн нь ББСБ, ХЗХ-той холбоотой байна. Нийт ирсэн өргөдөл гомдлыг салбараар нь аваад үзвэл даатгалтай холбоотой өргөдөл гомдлын нэлээд хувийг жолоочийн хариуцлагын даатгал, тээврийн хэрэгслийн даатгалтай холбоотой асуудал эзэлдэг. Мөн сүүлийн үед орон сууцны даатгалтай холбоотой өргөдөл нэлээдгүй ирж байна. Үнэт цаастай холбоотой гомдлын дийлэнх хувийг буюу бараг 70-80 хувь нь зөвшөөрөлгүй арилжаатай холбоотой өргөдөл гомдлууд байдаг. Эдгээрийн ихэнх нь 2011 оноос өмнөх үед буюу тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон 17 орчим брокер диллерийн компаниар дамжин хийгдсэн арилжаанууд байдаг. Өөрөөр хэлбэл, яг одоо ажиллаж байгаа брокер диллерийн компаниар дамжиж хувьцаа нь зөвшөөрөлгүй арилжигдсан тохиолдол тун цөөхөн. Харин ББСБ-ын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлын 30 гаруй хувийг зээлийн гэрээний маргаан эзэлж байгаа бол үлдсэн хувийг ББСБ-ын үйлчилгээ, зээлийн хүүтэй холбоотой өргөдөл эзэлж байна. Мөн сүүлийн үед зээлээ төлөөд дуусчихсан байхад яагаад би зээлийн мэдээллийн санд өртэй гэсэн бүртгэлтэй байгаа юм бэ гэх асуудал нэлээн ирэх болсон. Тэгэхээр энэ асуудлаар ямар зөвлөгөө өгмөөр байна вэ гэхээр Монголбанкны Зээлийн мэдээллийн сан болон Хорооны зохицуулалтын байгууллага болох ББСБ, ХЗХ гэрээ байгуулсан байх ёстой. Гэрээнд тухай бүрт өөрчлөлт оруулах ёстой. Өөрчлөлт оруулах эрх нь зөвхөн Монголбанк болон гэрээ байгуулсан байгууллагууд болох ББСБ, ХЗХ байдаг. Тэгэхээр СЗХ Зээлийн мэдээллийн санд өөрчлөлт хийх эрх бүхий байгууллага биш. Гэхдээ бид иргэнээс ирсэн өргөдөл гомдлын дагуу нягтлан шалгасны үндсэн дээр холбогдох газруудад үүрэг өгдөг. Өөрөөр хэлбэл, энэ иргэний зээл төлөгдөж дууссан байхад танайх яагаад Зээлийн мэдээллийн санд зээл төлөгдөөгүй, өртэй гэж бичилт хийгээд байна. Хууль дүрмийнх нь дагуу өөрчлөлт хий гэдэг шаардлагыг тавьдаг. Харин ХЗХ-той холбоотой маргааны хувьд тайлбарлахад хоршоо гэдэг маань өөрөө хамтын удирдлагатай хамтын байгууллага. Тэгэхээр засаглалтай холбоотой хоорондын маргаан нэлээд үүсдэг. Компанийн засаглал гэж бид нэлээд ярьдаг. Гэхдээ ХЗХ-ны засаглалын тухай асуудлыг тэр бүр яриад байдаггүй. ХЗХ нь өөрөө гишүүдээсээ бүрддэг учраас засаглал сайн байх учиртай байгууллага юм. Мөн зээлийн  болон хадгаламжийн гэрээтэй холбоотой багагүй маргаан ирж байна.

-Хүлээн авсан өргөдөл, гомдлыг бүрэн  шийдвэрлэх боломж бий юу?

-Бид өнгөрсөн 2017 онд ирсэн  267 өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн. Аливаа өргөдөлд тусгасан асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо шууд дур мэдэн шийдвэрлэдэггүй. Тэнцвэртэй байдлыг хангах үүднээс өргөдөл гаргагчийн нөгөө талаас тайлбар, холбогдох материал авч, шаардлагатай бол бусад төрийн байгууллагуудаас лавлагаа мэдээлэл авах зэргээр ажиллаж байж шийдвэр гаргадаг учраас хугацаа алдах тохиолдол заримдаа гардаг.  

-Хэрэглэгчийн санхүүгийн боловсрол ямар байна вэ. СЗХ-ны хамаарал бүхий санхүүгийн байгууллагатай холбоотой гомдол маргаан дээр иргэний хариуцлагагүй байдал хэр ажиглагдаж байна?

-Санхүүгийн боловсролын асуудал хэрэглэгчийн эрхийг хамгаалахад хамгийн нөлөөтэй хүчин зүйл юм. Монголбанк, СЗХ зэрэг байгууллагууд хэрэглэгчээс ирж байгаа өргөдөл гомдлыг хянаж шалгаад зохицуулалтын байгууллагад үүрэг даалгавар өгч байгаа ч гэрээний нөгөө тал болсон хэрэглэгч, үйлчлүүлэгч өөрөө ямар үйлчилгээ авах гэж байгаа, хууль тогтоомжид нийцсэн байна уу, үүнд өөрийн эрх маань юу байх вэ гэдгээ маш сайн мэдэж байх ёстой. Сүүлийн үед ирж байгаа өргөдөл, гомдлыг харж байхад тулгамдаж буй асуудал бол хэрэглэгчид өөрсдөө санхүүгийн мэдлэггүйгээс болж нэлээн хохирч байгаа юм болов уу  гэж харагдаж байна. Тухайлбал, зээлийн гэрээ эсвэл даатгалын гэрээний маргаануудыг харахад хэрэглэгч гэрээний нөхцөл, шаардлагатай танилцаад өөрийн холбогдох  саналыг  тусгах эрх хуулиар нээлттэй байгаа ч зээл авах гэж байгаа иргэн, эсвэл даатгуулж байгаа хэрэглэгч огт гэрээг уншилгүйгээр гарын үсгээ шууд зурах тохиолдол нэлээн байдаг. Ямар нөхцөлөөр хүлээн зөвшөөрч гэрээ байгуулснаа мэдэхгүй байж байгаад асуудал үүсмэгц өргөдөл гаргадаг. Гэтэл өргөдөл гомдлыг судлаад үзэхэд тухайн харилцагч нөхцөлөө хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан байдаг учраас СЗХ-ний зүгээс тухайн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхэд хүндрэл гардаг. Энэ асуудал нь манай хэрэглэгчдийн хамгийн хүндрэл бэрхшээлтэй тал болж байна. Тэгэхээр яах аргагүй санхүүгийн боловсролыг дээшлүүлэхгүй бол болохгүй байгаа юм. Хэрэглэгчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх талаар багагүй ажлууд хийгддэг. Тухайлбал, Санхүүгийн боловсролыг дээшлүүлэх Монголбанк, БСШУСЯ, СЗХ-ны хамтарсан үндэсний хөтөлбөр бий. Энэ хөтөлбөрийн эхний шат хэрэгжиж, хэрэгжилтэд мониторинг хийгээд тодорхой үр дүн гарсан байна гэсэн үнэлгээг өгсөн. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл болох  СЗХ-ны дарга, МБ-ны ерөнхийлөгч, Сангийн сайд нараас бүрдсэн байнгын ажиллагаатай бүтэц санхүүгийн салбарыг 2025 он хүртэл үе шаттай хөгжүүлэх хөтөлбөрийг баталсан байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн боловсролыг сайжруулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх тодорхой бүлэг арга хэмжээнүүд тусгагдсан. Энэ дагуу Монголбанк болон Сангийн яамтай хамтарч нэлээд ажлыг хийхээр төлөвлөөд байна.  

-СЗХ-нд хамааралтай санхүүгийн байгууллагууд зээлийн гэрээндээ хэрэглэгчийн эрхийн хамгаалсан зүйл заалтыг хангалттай тусгаж байна уу. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн эрх, үүргийн харилцаа ямар байна вэ?

Хэрэглэгчийн эрхийг хамгаална гэж тодорхой заасан зүйл байхгүй. Зээлийн гэрээнээс үзвэл зээлдэгчийн  эрх, зээлдэгчийн үүрэг гэсэн бүлэг тусгагдсан байдаг. Эрх, үүргээ зээлийн гэрээнд тусгаж байна гэдэг нь хэрэглэгчээ хамгаалж байна гэж ойлгож болно. Мөн санхүүгийн хэрэглэгч гэж хэн бэ гэхээр дан ганц хэрэглэгч биш. Өөрөөр хэлбэл, санхүүгийн хэрэглэгч гэдэгт харилцагч, үйлчлүүлэгч болон хөрөнгө оруулагчийн асуудал давхар яригдана. Өөрөөр хэлбэл, ББСБ байлаа гэхэд ББСБ-д хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчийн эрх, дээрээс нь түүгээр үйлчлүүлж байгаа хэрэглэгчийн эрх давхар яригдана гэсэн үг. СЗХ аль аль талыг бодолцож бодлого, шийдвэрийг хууль ёсны дагуу л гаргах ёстой гэж үздэг. Зарим гэрээд маргааныг шүүхээр шийдвэрлэнэ, эсвэл шүүхээс өмнө аль болох эвлэрлийн зарчмыг урьтал болгоно гэсэн утга бүхий заалтууд тусгагдсан байдаг.

-Банк давамгайлсан зах зээлд санхүүгийн бусад үйлчилгээ үзүүлэгч байгууллагын шударга өрсөлдөөн хэр байна вэ?

Хэдийгээр манай улсын санхүүгийн зах зээлийн 95 хувийг банк дангаар эзэлсэн бүтэцтэй байгаа ч нөгөө талаас хэрэглэгчийн тоогоор яривал насанд хүрэгчдийн нэлээд хувь банкаар үйчлүүлж байгаа бол бусад санхүүгийн байгуулллагаар мөн тооны хэрэглэгч үйлчлүүлж байна. Зарим тоо баримт дурдвал, даатгалын гэрээ гэхэд өнгөрсөн жилийн гуравдугаар улирлын байдлаар 800 мянга орчим даатгалын гэрээ  банкнаас бусад санхүүгийн салбарт бүртгэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, нэг даатгалын гэрээний ард нэг хүн байна гэж ойлгож болохгүй. Мэдээж жолоочийн хариуцлагын даатгал гэвэл нэг хүний асуудал ярьж байгаа бол орон сууцны даатгалын гэрээний ард хэдэн хүний амьдрал яригдах вэ, болзошгүй аюул, эрсдлээс хамгаалах даатгалд хэчнээн хүний эрх ашиг багтах вэ гээд бодохоор нэг даатгалын гэрээний ард тодорхой тоон хүмүүс байгаа гэж бодвол 800 мянгаас хавьгүй илүү хэрэглэгчийн тоо гарна. Дээрээс нь ББСБ-ын хэрэглэгчийн тоо өнгөрсөн онд нэг сая таван зуун мянга гаруй болсон. Тухайлбал, зарим ББСБ технологид суурилсан зээлийг олгоод эхэлсэн байна. Цахим хэрэглээ хөгжиж байгаа энэ үед хэрэглэгчийн тоо энэ төрөлд өндөр хувиар өсч байна. Төрөөс олгож буй 1072 хувьцааны данс, бусад үйлчилгээний төрөл хэлбэрээс шалтгаалан бараг иргэн бүр банкнаас бусад санхүүгийн салбарт тодорхой хэмжээгээр үйлчлүүлж байгаа. Өрсөлдөөний талаар олон үзүүлэлт дээр ярих болно. Жишээлбэл ББСБ дээр авч үзвэл нийт бүртгэлтэй 540 орчим ББСБ үйл ажиллагаа явуулж байна. Энэ байгууллагуудын хувьд ямар нэгэн монополь, олигополь зах зээл биш болж таарч байгаа юм. Маш олон байгууллага байгаа учраас өрсөлдөөнийг хязгаарлах нь төвөгтэй. Дээрээс нь үгсэн тохиролцож хүүгээ нэмэгдүүлэх боломж байхгүй. Өөрөөр хэлбэл, иргэн Дорж нь А гэх ББСБ-аас зээл авч чадахгүй бол Б-д хандах ч юмуу, сонголт их байна.

СЗХ банкнаас бусад хэчнээн санхүүгийн байгууллагыг хариуцан ажиллаж байна вэ. Хяналт шалгалтын процесс хэрхэн явагдаж байна вэ?

СЗХ нийтдээ 2100 орчим байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалт гэхээр зөвхөн газар дээр нь очиж шалгалт хийнэ гэж ойлгож болохгүй. Өмнө нь уламжлалт хандлагаар газар дээрх шалгалт түлхүү байсан бол орчин үед газар дээрх болон зайны буюу эрсдэлд суурилсан хяналт шалгалтын асуудал яригдаж байна. Тухайлбал, манайд хамааралтай 2100 орчим байгууллага улирал бүр, зарим тохиолдолд байгууллагын төрлөөс хамаараад сар болгон санхүүгийн болон бусад үйл ажиллагааны тайлан мэдээллээ манайд ирүүлж байна. Тайлан мэдээлэл дээр үндэслээд хороо зайны хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл, ирүүлсэн тайлан мэдээнээс зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж байна уу, үгүй юу, тайлангаа ирүүлэхгүй байгаа бол ямар асуудал үүсэв зэрэгт хяналт тавьж ажиллаж байна. Зайны хяналтаар хэрвээ зохистой харьцаа алдагдаж байгаа, эсвэл тайлан мэдээлэл хугацаандаа ирүүлээгүй, эрсдэлтэй гэж үзсэн зарим асуудал нь хэд хэд дараалан бий болсон, өөрийн хөрөнгөгүй болсон гэх зэрэг нөхцөл байдал үүссэн тохиолдолд газар дээр нь хяналт шалгалт хийдэг. Газар дээр хяналт шалгалт хийгээд ирүүлсэн тайлан мэдээлэл нь үнэн зөв байсан уу, асуудал юунаас үүдсэн байна зэргийг хянаж, асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг тогтоодог.

Банкнаас бусад санхүүгийн салбарын тогтвортой ажиллах нөхцөл хэр бүрэлдэж байна?

Банкнаас бусад санхүүгийн байгууллага тогтвортой ажиллах нөхцөл харьцангуй сайн гэж харж байгаа. Гэхдээ улам сайжруулах шаардлага бий. Тухайлбал, хувь нийлүүлсэн хөрөнгө гэж ярьдаг. Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж чадахгүй байна гэсэн асуудал үүсдэг. Нэг зүйл хэлэхэд 10 сая төгрөгийн дүрмийн сантай компани мэргэжлийн байж чадах уу гэдэг нь  өөрөө асуудал юм. Байгууллага өөрөө чадварлаг, хариуцлагатай, чадвартай боловсон хүчинтэй байх шаардлагатай. Ямар нэг эрсдэл бий болоход эрсдэлийг өөрөө хариуцах бүрэн чадавхитай байх хэрэгтэй. Энэ утгаараа зарим  асуудалд шүүмжлэлтэй хандах ёстой. Өөрөөр хэлбэл, хувь нийлүүлсэн хөрөнгө гэдэг хариуцлагатай шууд холбогдох учраас энэ тал дээр дахиж авч үзэх нь зүйтэй гэж боддог.

-Хууль эрх зүйн хүрээнд энэ салбарт өөрчлөлт хэрэгтэй байна уу?

СХЗ нийтдээ Монгол Улсын 20 хууль, 170 орчим журам, 14 заавар, аргачлалыг үйл ажиллагаандаа мөрдөж үүн дээр хяналт тавьж  ажилладаг. Энэ нь нэлээд өндөр үзүүлэлт юм. Зарим хуулийн хувьд шинэчлэгдсэн шинэ хууль байгаа бол зарим нь 2006 онд батлагдсан хууль ч байна. Гэтэл өнөөдөр санхүүгийн үйлчилгээ, санхүүгийн зах зээл маш хурдацтай хөгжиж байна. Жишээлбэл, технологид суурилсан санхүүгийн үйлчилгээнүүд нэлээд нэвтэрсэн. Ингэхдээ маш хурдацтай байна. Гэхдээ дэлхий даяар хурдацтай хэрэгжиж байгаа шинэ төрлийн санхүүгийн хэлбэрийг маш сайн судалж хэрэгжүүлэх нь зүйтэй. Жишээлбэл, блокчэйн, крипто валют дэлхий даяар хурдацтай хөгжиж байна. Үүнтэй холбоотой хяналт зохицуулалт зохицуулалтын байгууллагад мөн л тулгамдаж байна. Тийм учраас манайхаас ч тэр, Монголбанкнаас ч тэр иргэдэд хандан зөвшөөрөл, бүртгэлгүй, хяналтгүй санхүүгийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулахгүй байхыг мэдэгдэж байсан. Тэгэхээр эрх зүйн орчны хувьд шинэчлэх нэлээдгүй шаардлага байна. 2020 он хүртэл хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг УИХ-аас өнгөрсөн онд баталсан. Үүнд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх хуулиудыг тусгасан. Түүнд СЗХ дангаараа болон бусадтай хамтран хэрэгжүүлэх  18 хуулийн жагсаалт гарсан байгаа.

Эх сурвалж: “Сайн засаглал” сэтгүүл. 2018. №3